ЖЭК УЭТЕРФОРТ: Монгол Улс сэтгэлийг минь хөдөлгөсөн учир ном бичихээр шийдсэн

2022 оны 11 сарын 24

Энэ жил төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор хоёр эрхмийг шагналаа.

Тэдний нэг нь АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болсон юм. "ЧИНГИС ХААН" одонг гадаад улсын иргэн хүртэж буй анхны тохиолдол болоод байна. 

Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Энэ эрхэм хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Би 25 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ирж байсан.Тухайн үедээ Монголын талаар болон Чингис хааны тухай ном бичнэ гэж төсөөлөөгүй байсан. Монголд ирсний дараа хүмүүсийнх нь энэрэнгүй сэтгэл, байгалийн сайхан өвөрмөц тогтолцоо нь сэтгэлийг минь гүн хөдөлгөсөн. Энэ бүхнийг мэдэрсний дараа би ном бичихээр шийдсэн. 

"Чингис хаан" одон надад сар мэт хол санагдаж байсан. Өөрийгөө авна гэж үнэхээр төсөөлж байгаагүй. Монголын залуу ерөнхийлөгчөөс энэ шагналыг авч байгаадаа туйлын их баяртай байна. 

Монгол бол тэнгэрээс ивээгдсэн улс.

Чингис хаан шинэ шашин зохиогоогүй, харин Мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүр дээр бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн амар амгаланг тогтоосон.

Чингис хааны ариун газар шороог, Чингис хааны үр хойчийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөн залбирч байна" гэлээ.


ЖЭК УЭТЕРФОРТЫН ТУХАЙ

Жэк Уэтерфордыг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиолч гэдгээр нь монголчууд сайн мэднэ.

Тэр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Улмаар Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд Улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж, Социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Одоо Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг.

Тэр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн байна. 

Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан. Тус ном нь 20 гаруй орны хэл дээр орчуулагдаж,  энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.

Мөн 2010 онд “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, 2016 онд “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээлүүдийг туурвисан. 

Түүнийг 2006 онд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог "Алтан гадас" одонгоор шагнажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны "Хүндэт одон", Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнаж байсан аж.

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэх ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах томоохон гүүр болж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.60) 2022 оны 11 сарын 28

Өмнө нь шагнал авсан хүмүүс хулгайч нар л байлаа.

3  |  0
ерөнхийлөгчИД ДАЙХ Ү(64.119.26.164) 2022 оны 11 сарын 28

ЭНЭ УДААГИЙН 2 ШАГНАЛ НҮДЭЭ ОЛЖЭЭ. БАГАБАНДЬ ОЧИРБАТ, ДЭМБЭРЭЛ, ГОНЧИГДОРЖ, МЭНД-ООЁО НАР БОЛ ЭНЭ ШАГНАЛЫН ЭЗЭД ГЭХЭД ДААН Ч ЧАМЛАМААР ДАА. ИЙМ БАЙДАЛ НЬ ЭНЭ ХҮНДТЭЙ ШАГНАЛЫН НЭР СҮРИЙГ ГУТААХ ТАЛТАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААРААСАЙ БИЛЭЭ. ЦААШИД ЭНЭ ШАГНАЛЫГ НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БҮТЭЭЛЧ ХҮНД ОЛГОЖ БАЙГААСАЙ БИЛЭЭ.

8  |  0
Зочин(192.82.85.129) 2022 оны 11 сарын 28

Энгийн үгээр маш сайхан ярьсан шүү. Гоё санагдлаа.

5  |  0
зочин(192.82.84.231) 2022 оны 11 сарын 28

шагнал нүдээ олсон байнаа

10  |  0
Top