ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Өнөөдөр 2022.08.25. Билгийн тооллын 28. Жилийн 237 дахь өдөр бөгөөд он дуустал 128 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандлаа, 19 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр Хойд Солонгост “Сонгуны өдөр” буюу Ким Ир Сенийг төрийн эрхэнд гарсныг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Уругвайд Тусгаар тогтнолын баяр, Бразилд Цэргийн баяр, Францад  дэлхийн хоёрдугаар дайнд нацистын Германаас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Германы супер модель Клаудиа Шиффер, Америкийн жүжигчин, модель  Блейк Лайвли, Алтан бөмбөрцөг, Эмми шагналт, Шведийн найруулагч, жүжигчин  Александр Скарсгард, Английн зохиолч  Фредерик Форсайт, улсанд сэлэлтийн олимпын 3 удаагийн аварга, Австралийн Петрия Томас нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1609 онд нэрт одон оронч Галилео Галилей өөрийн зохион бүтээсэн дуран авайгаа Венецийн шүүхэд үзүүлжээ.

1754 оны энэ өдөр Зүүн Гарын хаант улсын хаан Амарсанаа өөрийн харьяат 20 мянган иргэнээ удирдан Манжийн хил дээр ирж, дагаар орох хүслээ илэрхийлжээ.

1912 онд Хятадад  Гоминдан нам байгуулагдлаа.

1944 оны энэ өдөр холбоотны арми Парис хотыг нацистын дарангуйллаас чөлөөлөв.

1950 онд Японд найруулагч Акиро Куросавагийн “Расемон” кино дэлгэцэд гарав.

1960 онд Италийн Ромд XVII Олимпын наадам эхэлжээ.

2021 оны энэ өдөр Москвад троллейбус хаагдлаа.

Өнөөдөр үс засуулбал муу, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top