ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 08 сарын 23

Өнөөдөр 2022.08.23. Билгийн тооллын 27. Жилийн 235 дахь өдөр бөгөөд он дуустал 130 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 58 минутад мандлаа, 19 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 5 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр Олон улсын боолын худалдааны эсрэг өдөр, Европын сталин, нацизмийн хохирогчдын дурсгалын өдөр бол ОХУ-д Цэргийн алдрын баяр, Украинд Төрийн далбааны өдөр, Арменид Тусгаар тогтнолын баяр, Данид Лусын дагинын өдөр, Их Британид Петерборо шар айргийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр БНСУ-ын найруулагч, Канн, Венеци, Берлины кино наадмын шагналт  Пак Чхан Ук, Италийн хөлбөмбөгч Деметрио Альбертини, Олимпын хошой аварга, АНУ, ОХУ-ын тамирчин Вик Уайлд, Италийн дуурийн дуучин Рита Павоне, АНУ-ын жүижгчин, дуучин Нил Сисирига нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1305 оны энэ өдөр Лондонд Шотландын рыцарь  Уильям Уоллесийг цаазалжээ.

1382 онд Москва хотыг Цагаан Ордын сүүлчийн хаан Тохтамышийн цэргээс хамгаалах тулаанд оросууд анх удаа их буу хэрэглэжээ.

1839 онд англичууд Хонконгийг эзэлсэн байна.

1973 онд Данийн нийслэл   Копенгагенд Андерсений үлгэрийн баатар Лусын дагинад зориулан, хөшөө босгосон байна.

1924 онд Францын хөлбөмбөгийн Монако баг байгуулагджээ.

1939 онд Герман, ЗХУ-ын хооронд харилцан үл довтлолцох гэрээ байгуулав.

1968 оны энэ өдөр  Ринго Старр The Beatles хамтлагаас гарчээ.

2002 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд Итали, Дани, Хятадын шилдэг загвар зохион бүтээгчдийн шоу боллоо.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах, шинэ гэр байр авах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.   

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top