ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Өнөөдөр 2022.08.19. Билгийн тооллын 23. Жилийн 231 дэх өдөр бөгөөд он дуустал 134 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 52 минутад мандлаа, 19 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 8 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдөр, Олон улсын гэрэл зургийн өдөр бол Афганистанд Тусгаар тогтнолын баяр, Вьетнамд Наймдугаар сарын хувьсгалын өдөр, Норвегид Метте-Марит гүнжийн төрсөн өдөр, АНУ-д Нисэх хүчний баяр, Украинд Зөгийчдийн баяраа  тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Хятадын усанд сэлэлтийн дэлхийн хошой аварга  Сюй Цзяюй, Америкийн рэп дуучин Nate Dogg, Италийн найруулагч, жүжигчин Нанни Моретти, алдарт Куин хамтлагийн гитарчин Жон Дикон, Канадын жүжигчин Мэттью Перри, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч  Билл Клинтон нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1687 онд Оросын Березова хошуунд шашны салан тусгаарлалтын улмаас 1000 хүн өөрийгөө шатаажээ.

1856 оны энэ өдөр Америкийн Гейл Борден өтгөрүүлсэн сүү гаргаж авах аргын зохиогчийн эрхээ авчээ.

1874 онд Оросын усан цэргүүдийн хувцсаар хөндлөн хөх зураастай цамц албан ёсоор сонгогджээ.

1919 онд Афганистан улс Их Британиас тусгаар тогтносноо зарлалаа.

1934 оны энэ өдөр Адольф Гитлер бүх ард түмний сонгуулиар 89,3 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулав.

1945 оны энэ өдөр Японы Квантуны арми Манжуурт бууж өгөв.

2004 онд Гүүгл компани хувьцаагаа зарж эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулбал сайн, эд эдлэл, идээ ундаа олдоно.

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, гахай, тахиа. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top