Сангийн сайд аа, НӨАТ-ын сугалааны 18 тэрбум төгрөг хаачив

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Манай улсын татварын  тогтолцоо, хувь хэмжээ нь  хөгжингүй орныхтой дүйцэхүйц гээд дүгнэхэд хол зөрөхгүй. Салбар яам, агентлагуудын зүгээс ч “Дэлхийн жишиг ийм л байна. Манай улс тэдний л адил” хэмээн өөрсдийгөө өмгөөлдөг. Эцэст нь ядарсан иргэд нь сарын цалингаасаа Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл  гээд 20 гаруй хувийн татвар төлнө.

Төр үлдсэн жаахан цалинг нь ч зүгээр орхихгүй. Худалдан авалт бүрээс нь 10 хувийн татвар авна. Түүнийгээ Нэмэгдсэн өртгийн албан татавр /НӨАТ/ гээд нэрлэчихдэг. Та, бидний худалдан авч байгаа ариун цэврийн цааснаас хүртэл 10 хувийн татвар авна.

Анх албаныхан “НӨАТ нь бүртгэлжүүлэх тогтолцоо. Энэ бол татвар биш. Далд эдийн засгийг ил болгох хамгийн чухал зүйл” гэх зэргээр ард иргэдийн тархийг угааж байв. Харамсалтай нь өнөөдөр НӨАТ-ын агуулгыг харахад бүртгэлжүүлэх тогтолцоо гэхээс илүүтэй төсөв бүрдүүлэх башир арга болжээ. Тийм биш бол нэмэгдсэн өртөгт оногдуулж байгаа буцаан олголтын хувь хэмжээ яагаад ийм бага байгаа юм бэ

Өнөөдөр иргэд худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн 10 хувийг улсад хураалгаж байна. Хариуд нь хоёрхон хувийг улиралд нэг удаа буцаан өгч байгаа нь тэнэг хүн хуурч байгаа хэрэг үү. Энэ бол иргэдээ шулж буй улаан цайм луйвар гэлтэй. Үнэндээ НӨАТ-ыг луйвар гэхэд ч багадна. Луйвар биш юм бол буцаан олголтынх нь хувь хэмжээг яагаад нэмж болдоггүй юм бэ. Нэгэнт л бүртгэлжүүлэх тогтолцоо гэж үзэж байгаа юм бол ядарсан иргэдийнхээ худалдан авалтаас найман хувийн татвар авахын хэрэг байна уу. Бодох л асуудал.

 

БУЦААН ОЛГОЛТЫН ХУВИЙГ БАГАДАА ТАВ БОЛГОЁ

 

Нэмэгдсэн өртөгт оногдуулж байгаа татварын буцаан олголтыг ядаж таван хувь болгох боломжгүй гэж үү. Яс яривал буцаан олголтын хувь хэмжээг таваар тогтохгүй  нэмэгдүүлэх шаардлагатай. Иргэдийн нуруун дээр үүрч байгаа ачаа багадаагүй. Инфляц дагасан үнийн өсөлтөд сөхөрч байхад дээрээс нь НӨАТ нэрмээс болж байна. Өнгөрсөн хугацаанд НӨАТ нэрээр ард иргэдийг хангалттай доромжиллоо.

Аз эз, сугалаанд найдсан тэнэглэл хэрээс хэтэрсэн. Хууль бус аргаар сугалаанд хожсон гэх татварын ажилтнуудын хэрэг ч мандаж байв. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын сугалаанд нэг удаа ч хонжвор таараагүй хүн байхад хэдэн арван удаа аз таарсан хэмээх хүн ч байсан. Шударга бус байдал гэж үүнийг л хэлэх байх.

Сугалааг болиулах асуудлыг иргэд дуу нэгтэй дэмжиж байсан. Эцэст нь өнгөрөгч тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг болиулсан. Сугалаанд 18 тэрбум төгрөг жилдээ зарцуулдаг байв. Тэр мөнгөөр буцаан олголтыг нэмэгдүүлэхэд нэмэр хийж яагаад болохгүй гэж. Харамсалтай нь “Муу, муухай дээрээ улцан” гэгчээр өдгөө сугалаа ч үгүй, НӨАТ-д оногдох буцаан олголтын хувь хэмжээг ч нэмсэнгүй. Алдарт 18 тэрбум төгрөг ч алга. Ард иргэдийн халааснаас хураасан тус 18 тэрбум төгрөг хаачив.  Төсвийн алдагдлын нөхөөс хийв уу, төрийн томчуудын тансаглал болов уу. Ямартаа ч энэ их мөнгө ор сураггүй. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхэд лав зарцуулагдахгүй нь тодорхой болсон.

Нэмэх нь бүү хэл Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын асуудлаар "НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй. НӨАТ-ын сугалааг ч явуулахаа больсон. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна" гэх байр суурийг нэгэнт илэрхийлсэн байдаг.

Түүнийхээр бол ядарсан иргэд нь худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн найман хувийг улсад тушааж байх нь эрүүл үзэгдэл юм байх. Тийм ч өндөр дүн биш л гэнэ. Дэлхийн  жишиг л хэмээх. Тэгэж л их дэлхийн жишиг ярих гээд байгаа юм бол бусад улс орны цалингийн дунджыг судлаад үзээсэй. Монголд хөдөлмөрийн үнэлэмж ямар байгаа билээ. Япон, Солонгостой л харьцуулаад  үз. Сарын авч байгаа цалингийн үнэлгээ хэдэн арваар доогуур байгаа. Ийм байхад тийм жишиг ярихын хэрэг байна уу. Ямартаа ч  салбар яамнаас НӨАТ-ыг энэ чигээр нь ойрын хэдэн жилдээ үргэлжлүүлэхээ хэлж, даналзах.

 

ЯДУУРЛЫН ЯС ҮНДЭС

 

Манай улс татварын бодлого, тогтолцоогоо эргэж харах цаг болжээ. Ер нь ганцхан НӨАТ биш бүхий л төрлийн татварын бодлого иргэдэд ээлгүй байна. Мэдээж энэ эх оронд иргэн нь болж амьдарч байгаагийн хувьд тодорхой хэмжээний татвар төлөх нь зүйн хэрэг. Тиймээс ч ард түиэн иргэний үүргээ биелүүлсээр ч ирсэн.  Харамсалтай  нь харалган төр татварыг төсөв бүрдүүлэх тогтолцоо гэдэг цонхоор хамгийн түрүүнд харах.

Тийм ч болохоор төсвийн алдагдлыг татвараар нөхөхийг урьтал болгодог. Энэ бүхний эцэст эргэж босох тэнхэлгүй болтлоо татварт дарамтлуулсан иргэн, аж ахуй нэгжүүд эх орноор минь дүүрч байна. Ганцхан жишээ аваад үзье. Жилээс жилд Х тайлан өгөх болсон компаниудын тоо нэмэгдсээр байгааг Монголын үндэсний худалдаа аж үйллвэрийн танхимаас танилцуулсан.

Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан бол энэ тоо 90 мянга болж нэмэгдээд байна. Арга ядсан компаниуд дампуурахгүйн тулд л Х тайлан өгч байгаа нь мэдээж.

 Бодит нөхцөл байдал, болж буй үйл явцыг Монголын төр зөв үнэлэх цаг ирсэн. Нийгмийн ядуурлын яс үндэс юунаас үүдэлтэй байна. Яагаад ийм болчихов гээд бодоод нэг үзээрэй. Бодлогын хариуд томоохон жин дарах асуудал бол яах аргагүй татвар. Тэр дундаа НӨАТ. Учир нь энэ төрлийн татвар иргэн, аж ахуй нэгж болгонд хамаатай. Барааны савангаа хүртэл худалдан авахдаа төрд татаас төлж байна. Энэ бол иргэдээ татвараар дарамталж буйн том илрэл гэхээс өөрөөр хэлэх үг алга.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lalar(66.181.161.60) 2022 оны 08 сарын 09

Ard tumnees hulgailsan mungu

0  |  0
Елена(202.179.15.3) 2022 оны 08 сарын 09

НӨТ-ын суглаа нэртэй луйвараа болих хэрэгтэй.

0  |  0
Irgen(66.181.187.95) 2022 оны 08 сарын 10

Elbeg hangaluun amidrald osson humuus bargiin yumand homhoirood bdaggui shu de. Tiim bolohoor yum uzej, nud tailsan uls tord garch bgasai.

1  |  0
Top