Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ эхлүүллээ

2022 оны 07 сарын 05

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ.

Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцсон байна.

Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.

Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын таван гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” хэмээн төмөр замын ажлын нээлтийн үеэр хэлжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиг­лэлийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ. Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөв­лөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна. Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгахаар зорьж байгаа аж. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм байна.

Т.ДАРХАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top