Турк Финланд, Шведэд НАТО-д элсэх ногоон гэрэл асаалаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Турк улс Финланд, Шведийг НАТО-гийн гишүүн болох санаачилгыг дэмжихээр болов.

Мадрид хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссонтай хэлэлцээ хийсэн. Уулзалтад НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг байлцжээ. Хэлэлцээний дүнд гурван улсын гадаад хэргийн сайд нар Турк улс Финланд, Шведийн НАТО-д элсэх санаачилгыг дэмжихийг баталсан гурван талт санамж бичиг байгуулсан байна. Нэр дэвшигч хоёр улс терроризмын эсрэг Турк улстай хамтран ажиллах тохиролцоонд хүрч, Курдистаны Хөдөлмөрийн нам болон Фетхуллах Гюленийн байгууллагуудыг дэмжихгүй байх үүрэг хүлээж байна. Талууд мөн Туркийн зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болсон байна. Энэ хүрээнд Швед, Финланд нь терроризмтой тэмцэх, батлан хамгаалах салбарын тухай хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулахаар болжээ.

Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр НАТО-гийн тэргүүн Йнес Столтенберг тус хоёр улс түүхэнд хамгийн богино хугацаанд эвсэлд нэгдэж байна гэж мэдэгдээд энэ бол НАТО-гийн үүд хаалгаа шинэ орнуудад үргэлж нээлттэй байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өгч буй дохио гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top