Хятадын компаниуд Оросын зах зээлийн хоосон орон зайг нөхнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

БНХАУ-ын жижиг болон дунд хувийн бизнесүүд өрнөдийн компаниуд олноороо Оросын зах зээлээс гарсантай холбогдуулан бизнесийн орон зайг нь нөхөх боломжуудыг судалж байна гэж “South China Morning Post” хэвлэлд бичжээ.

Энэ нь Орос, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж шинжээчид үзэж байна.

Харин Хятадын төрийн өмчит томоохон компаниуд энэ тал дээр илүү болгоомжтой хөдөлж, хориг арга хэмжээтэй холбоотой эрсдэлийг тооцоолох болно гэж шинжээчид онцолжээ. Өрнөдийн бизнес тоглогчид ОХУ-ын зах зээлээс гарсан нь эрэлт, нийлүүлэлтийн балансыг алдагдуулж байна. Энэ нь эргээд Хятадын хувьд том боломжийг нээж байна. Хөрөнгө оруулалтын “Loomis, Sayles & Company ” компанийн шинжээч Жуан Богийн үзэж буйгаар, энэ байдал юуны өмнө Хятадын автомашины сэлбэг, хүнс, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг хувийн компаниудад ашигтай. Хориг арга хэмжээнүүд үргэлжилсээр байх болно. Харин дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх ёстой. Ойрын хоёр жилд хоёр улсын худалдааны эргэлт мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж Бо үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн Хятадын төрийн өмчит томоохон компаниуд хориг арга хэмжээний улмаас ОХУ-тай хамтын ажиллагаагаа ил тод идэвхжүүлэхээс зайлсхийх талтай. Олон улсын зах зээл дээр тоглолт хийдэг БНХАУ-ын банкууд ч мөн адил Оросын иргэдэд зориулж гадаад валютын данс нээхдээ мөн хойрго хандах магадлалтай. Компаниуд хориг арга хэмжээг илт зөрчихөөсөө илүүтэйгээр хөшигний цаана ажиллахыг эрмэлзэх нь лавтай гэж Жуан Бо дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top