Монголчууд эзэн нь үү, Мөнгөтэй арабууд эзэн үү-I

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

“Өглөөний сонин” өмнөх дугаарууддаа БОАЖЯ-наас олгосон 30 шонхор барих, хилээр гаргах зөвшөөрлийн дагуу АНЭУ-ын Дубай хотын ханхүүгийн отог Төв аймгийн Баян-Өнжүүл суманд гарч, ямар үйл ажиллагаа явуулж байгааг сурвалжилан хүргэсэн. Харин энэ удаад бид Төв аймгийн Баян сумын нутагт гарсан шонхрын анчдын отгийн талаар бэлтгэлээ. Салбар яам нь “Нууцын зэрэглэлтэй” гэсэн үгээр халхавч хийж мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа энэ үед манай сонины редакци үнэн бодитой мэдээллийг ирүүлсээр байгаа уншигчиддаа талархаж буйгаа үүгээр дамжуулъя. Манай сонины сурвалжилга, нийтлэлүүд гарсны дараахан БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Ховор ан, амьтдыг агнах, барих мэдээллийг шилэн болгоно” гэсэн сүрт мэдээллээ хийсэн ч одоог хүртэл хаалттай хэвээрээ, төлбөр тооцоо, хяналт шалгалт дээр хардлага дагуулсаар байгаа билээ.

Төв аймгийн Баян сум бол Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 100 километр, Багахангай дүүргээс 12 километрийн зайд оршдог. Сумын төвөөр нь төмөр зам, автозам дайран өнгөрдөг, дэд бүтэц сайн хөгжсөн газар. Бид бүхэн өглөө эртлэн гарсан учраас шууд явсаар сумын Засаг даргын тамгын газрын байранд очлоо. Бага зэргийн засвар хийж байгаа нь үүдээр оронгуут нүдэнд ил. Үүдний жижүүр эмэгтэй биднийг бүртгэж, халууныг хэмжээд дотогш орууллаа. Сумын Засаг даргаар нь М.Мөнх-Эрдэнэ хэмээх залуу ажилладаг аж. Өрөөнд нь ороод учир явдлаа хэлэхэд “Хүмүүс дандаа буруу тийш нь мушгин гуйвуулаад биднийг мөнгө аваад идчихсэн мэтээр ойлгоод байдаг. Уг нь хоёр улсын Засгийн газар, харьяа яам нь зөвшөөрлөө өгөөд л явуулж байгаа шүү дээ” гэсээр угтлаа. Үнэхээр ч нэг талдаа түүний зөв. Засгийн газар “Нууцын зэрэглэл”-ээр зөвшөөрөл өгөөд салбар яамнаас нь монгол орны 21 аймгийн нутгаар дураар явж шонхор барих эрх өгчихдөг. Гэсэн хэдий ч төр, засгийн хяналтыг хамгийн чангаар, сайн хэрэгжүүлэх ёстой газар нь сум, орон нутаг байх ёстой. Тус сумын нутагт Катар болон Саудын Араб улсаас ирсэн шонхрын анчдын отог буугаад сар орчим болж байгаа гэнэ. Сумын удирдлагуудын зүгээс сумынхаа нутаг дэвсгэрээс шонхор шувуу бариулах гэрээ, ус ашигласны төлбөр, хог хаягдлын хураамж, отог байгуулах гэрээ зэргээ яамнаас өгсөн чиглэл, хуулийн дагуу байгуулсан гэдгээ Засаг дарга хэлсэн. Мөн тэрээр ямар нэгэн байдлаар иргэдэд хүндрэл учруулахааргүй газрыг сонгож отгуудыг буулгасан гэдгээ онцолсон. Нийтдээ дөрвөн отог гарсан бөгөөд Баян сумын нутгаас эдгээр отгууд нийлээд 25 шонхор барихаар гэрээ байгуулжээ. Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ “Сүүлийн хоёр жил цар тахлаас үүдэн шат, шатанд эдийн засаг хүндэрч, татварын орлого тасарч байгаа энэ үед орон нутгийнхаа төсвийг бодон гэрээ байгуулсан” хэмээн хэлнэ лээ. Энэ үгийг нь сонсож суухад “Мөнгөгүй л улсын зовлон байх даа” гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирсэнээ энд хэлэх нь зөв байх. Нэмж хэлэхэд нэгэнт л мөнгийг нь авах гэж байгаа бол авсан шиг авах хэрэгтэй. Саяхан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын удирдлагууд хуучин журмаар нь буюу нэг шонхрын зах зээлийн жишиг үнийн 40 хувиар гэрээ хийсэн байсан. Үүнийг нь хэлж ойлгуулснаар гэрээндээ засвар оруулж, шинээр хийж байгаагаа дуулгасан. Тэгэхээр энэ мэт алдаа дутагдал гаргаж, сум, орон нутагтаа орж ирэх мөнгийг багасгахгүй байхад анхаарч нэг шонхрын зах зээлийн жишиг үнийн 80 хувь болох 9600 ам.доллараар гэрээгээ хийх хэрэгтэйг бусад сумдын удирдлагуудад дуулгая.

Баян сумын нутагт Катар улсын хоёр хүний тусдаа отог, Саудын Арабын мөн хоёр отог буусан байна. Бид бүхэн Засаг даргаар зам заалгаж аваад сумын төвөөс зүүн урагшаа шороон замаар явлаа. Одоогоос бараг арав гаруй жилийн өмнө олон улсын байгууллагын санхүүжилтээр нэгэн төрийн бус байгууллагын хийсэн шонхор шувууны төмөр үүр зам дагуу нилээд тааралдлаа. Хоёр метр орчим өндөртэй төмөр шонг газар суулган дээр нь төмөр торхийг тайрч тогтоосон ийм үүрэнд өдгөө аль хэдийнэ шувуунууд тухтайхан үүрээ засдаг болжээ. Замаас нилээд зайдуухан байх нэгэн үүрэн дээр шонхор шувуу сууж байсан ч болгоомжгүй хэт ойртсоноос болж нэг үүрнээс хоёр ч шонхор дэрхийн нислээ. Манай зурагчин шонхрын зургийг ойроос дарж чадаагүйдээ харамсаж байгаа нь илт. Үүрний эргэн тойронд элдэв яс, үс дүүрэн байх аж. Ингэж явсаар Баян сумын Өгөөмөр багийн нутаг Шар жалга хэмээх газарт буусан шонхрын анчдын отгийг олж очлоо. Цахилгаан үүсгүүр, түлшний машин зэргийг бэлдсэн ч бусдыгаа бодвол жижиг отог байна. Тус отог нь Саудын Арабын отог бөгөөд чухам хэн гэж хүнийх гэдгийг нь хэлэх хүн гарсангүй. Хамгаалалтад нь Баян сумын цагдаагийн ахлах ахлагч н.Тэгшболд гэж хүн гарчээ. Түүний өмнө Төв аймгийн цагдаагийн газраас цагдаа ирж хамгаалалтад гарч байжээ. Тэрээр энэ сарын 2-ны өдөр ирсэн, 14 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх гэнэ. Хэдэн монгол залуус хоёр метрийн өндөртэй төмөр хашааг отгийг нь тойруулан бариад бараг дуусаж байна. Тэд шонхрын анчдын талаар мэдэх юм огт байхгүй аж. Ямар ч байсан ажлын гэрээ байгуулаад, хашаагаа борлуулж байгаа болохоор сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан. Баян сумын цагдаагийн хэлснээр хариуцаж байгаа хүн, орчуулагч хоёр нь хот явсан эзгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй, хашааны дотогш нэвтрүүлэхгүй гэв. Зурагчингаа үлдээгээд өөрийн биеэр очиж тогооч нартай нь ядаж уулзая гэж гуйсаар очвол 30 орчим насны казах бүсгүй гарч ирлээ. Өөрийгөө танилцуулаад отгийнхны талаар асуувал “Мэдэхгүй” гэдэг үгийг л тарни шиг давтаж байлаа. Тус сумын нутагт Саудын Арабаас хоёр отог гарсны нэг нь Саудын Арабын хунтайж ХаледБин Абдулазиз Бин Ал Саудын найман шонхрын эрхтэй юм билээ. Мөн Катар улсын шейх Абдулрахман Бин Хамад Бин Халид Ал Танигийн нэр дээр 10, Катар улсын шейх Жоаан Хамад К Х Ал-Тани гэгчийн нэр дээр БОАЖЯ-наас 60 шонхрын эрх өгсөн нь тус сумын нутагт отоглон буужээ. Харин энэ чухам хэнийх нь отог болохыг мэдэж чадсангүй. Ингээд цоожгүй хаалга мөргөсөнтэй адил болсон бид цаашаа өөр отог олохоор замдаа гарлаа. Шар жалгаас хөдлөөд удалгүй бид бүхэн өмнө нь чадаагүй шонхрын зургаа авч чадсан юм. Шонхор хараа хурц, чих сонор болохоор үүрэн дээрээ сууж байхад нь дөхөж очино гэдэг үнэхээр аз сорьсон ажил юм билээ. Жижиг машинтай тулдаа зураг дарахуйц хэмжээнд ойртож очиж чадсан байх. Шонхор бол үнэхээр цэмцгэр шувуу ажээ. Эгц босоо байдалтай суух бөгөөд бусад шувуудыг бодвол илүү дутуу өд, сөд огт харагдсангүй. Хүссэн зургаа буулгаж дуусангуут хөх тэнгэртээ халин нисэхийг харах үнэхээр бишрэл төрнө. Замдаа ороод цааш явж байтал Баян сумын Өгөөмөр багийн малчин А.Мөнхбат биднийг тосон ирж уулзсан. Тэрээр “Бид одоо хонь, малаа ч авч чадахаа байсан. Бэлчиж яваа мал отогт нь дөхөөд очихоор цагдаагаараа хөөлгөж туулгаад үнэхээр төвөгтэй. Бэлчээр, нутаг дээрээ ч тайван явж болохоо байсан. Зарим нь бүр гэрийн үүдээр давхилдана, хүүхэд, нохой дайрчих гээд хэцүү. Түүнийг нь орчуулагчид нь хэлэхээр “Чамд хамаагүй, бид нар хаа дуртай газраараа явах зөвшөөрөлтэй” гэж хэлээд бараг зодчих гээд байна лээ. Хониндоо явж байсан хүүхдийг хүртэл загнасан байсан” хэмээн ярилаа.

Намар цаг гэдэг хэдий харьж яваа улирал ч гэсэн өдийд л өвс ногоо өтгөн сайхан болж, шим тэжээл нь бүрэн боловсордог үе. Гэвч монгол орны хаа дуртай газраараа хөндлөн гулд давхих “зөвшөөрөл” авчихсан арабууд малчдын өвөлжөө, хаваржааны нутгаар зам гарган давхиж, хадлан тэжээл, бэлчээрийг нь талхалж гүйцлээ. Аргаа барсан малчид “Шонхор шувууг бариулахдаа хүн, мал нутагладаггүй тийм газраа сонгон буулгаж, бариулж болдоггүй юм байхдаа” хэмээн халаглаж сууна. Харамсалтай нь дээрээс зөвшөөрөлтэй учраас буух газраа ч арабууд өөрсдөө сонгодог аж. Сумынх нь Засаг дарга “Ямар нэгэн байдлаар иргэдэд хүндрэл учруулахааргүй газрыг сонгож отгуудыг буулгасан” хэмээн албан өрөөндөө хэлж байсан ч газар дээрээ байдал эсрэгээрээ байгаа нь энэ. Одоогоос арав гаруй жилийн тэртээ бол арабууд аль болох хүний нүднээс далд, хонхор гүдгэр, жалга дов бараадаж отог байгуулдаг байсан бол өнөөдөр монгол төрийн цагдаагаар хамгаалуулж, төмөр хашаагаар халхалсан учраас аль л харууцтай газар сонгон буух болжээ. Мөнгөтэй, хүчтэйгийн өмнө хонь мэт номхон мөртлөө, монголчууддаа эрслэн барс шиг загнах дарга сэтэртэй хүмүүс энэ мэт зовлон, жаргалыг ойлгож, ирээдүйгээ бодож шийдвэр гаргадаг баймаар. Уг нь бол малчдын ярьж байгаа шиг тэднийг аль болох хүн, малгүй газар отоглуулж, худаг ус гаргуулаад, явах зам, маршрутыг нь тодорхой зааж өгөөд зөвшөөрлөө гаргадаг байх хэрэгтэй. Хэрвээ энэ мэт журмын заалтыг зөрчсөн, малчдын бэлчээрт хэт шахаж буусан, хаа дуртай газраа зам гаргасан зэрэг зөрчлийг удаа дараа гаргавал шонхор барих зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байвал мөнгөтэй ч гэсэн дураар авирлаж чадахгүй болох учиртай. Дээрээс нь цагаан шонхрыг сүлдээ болгон залсан цагдаа нар өнөөх шонхроо барьж байгаа арабуудын хамгаалалтад гарч байгааг харахаар гайхах, өрөвдөх давхцана. Жиоийн цагдаа нар бол тушаалаар үүргээ гүйцэтгэж байгаа болохоор тэдэнтэй юу ч ярих билээ. Хамгийн гол тушаал өгдөг, шийдвэр гаргадаг монголын дарга нар монголчуудынхаа эрх ашиг, монгол нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй шийдвэр гаргадаг байсан бол өдгөө ийм асуудал үүсэхгүй байлаа.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-2(172.69.252.141) 2021 оны 09 сарын 07

Мөнгөнд сөхөрсөн төр засгийн арчаагүй байдлыг харуулж бна бус уу. Мөнгө нь ард т үмэнд биш өөрсдийн хэтэвчийг зузаалах, зугаа цэнгээнд зориулдаг юм биш үү? Өөрсдөө хөрөнгөжиж байвал газар нутаг талхилагдах, амьд байгалийн баялаг ховордож сүйрэх нь хамаагүй бололтой. Өөрсдөө гаргасан хуулиа чандлан сахихгүй бол гадны хүн яаж сахих билээ. Ёстой л ”...хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх...” гэгч болж байна уу?

0  |  0
Зочин(202.126.90.57) 2021 оны 09 сарын 07

Юунд ингэж юм үзээгүй зан гаргаж байдаг юм бэ? Хууль ёсоороо юм бол барьж л байг л дээ.

0  |  0
Зочин(202.126.90.57) 2021 оны 09 сарын 07

Юунд ингэж юм үзээгүй зан гаргаж байдаг юм бэ? Хууль ёсоороо юм бол барьж л байг л дээ.

0  |  0
zochin(1.72.0.161) 2021 оны 09 сарын 07

Mgl hun eh orondoo erhee edleh hund bolson Mgl hun nii une then alga bolchood bga harin Mgl.d gadaad uls erhee duraara edelj bgaan unen Mgl hunii une alga bolsonj ard tumen n tamiin amral.r amdraad bgaan uurdiin hohnee

0  |  0
Иргэн:(64.119.20.83) 2021 оны 09 сарын 07

Бялдуучлахаа боль

0  |  0
Зочин(64.119.20.83) 2021 оны 09 сарын 07

Яасан хэм хэмжээ зөрчсөн байна уу?

0  |  0
Зочин(64.119.20.83) 2021 оны 09 сарын 07

Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг ”ёсон” тогтоод удаж байна шүү дээ. Одоо яана даа?

0  |  0
Top