Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын улиралд ой хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагууд хамтран эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа. Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны холбогдох албан тушаалтнууд энэхүү арга хэмжээний үр дүнг хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулж, давхардсан тоогоор хөдөлгөөнт эргүүл 1376 алба хаагч, 285 техник хэрэгсэл, Нийслэлийн Байгаль орчны газар 5796 алба хаагч, урамшуулалт эргүүл, 2058 техник хэрэгсэл, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн 4015 алба хаагч, 1021 техник хэрэгсэл, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 1259 алба хаагч, 1259 автомашинтай нийт 12213 алба хаагч, 4603 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/256 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.500.000 төгрөгөөр торгож шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан.

Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 12607 автомашин, 41287 иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 2800 ширхэгийг тарааж, ойн санд ойр амьдардаг 1000 айл өрхөөр гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулсан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан нийт 152 удаагийн гал түймэр болон гал түймэр гарч болзошгүй зөрчлийн шалтгаан нөхцөл нь ногоон бүсэд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэрэг зөрчлийг ойн сан болон зуслангийн бүсэд иргэд олон нийт нийтлэгээр гаргаж, үүний улмаас хүний санамсар болгоомж, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалж, гал түймрийн дуудлагууд бүртгэгдсэн байна. Байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн эргүүл хийх явцдаа нийт зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, гал түймэр гарч болзошгүй эрсдэлийг таниулж иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч газар дээр зөрчлийг арилгуулж ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлт байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.