Хүний эсийг “унтаа” ХДХВ-ээс цэвэрлэх чадвартай уураг нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

АНУ-ын биологичид хүний дархлааны тогтолцооны уургуудын нэг “CARD8” нь хүний дархлал хомстлын вирусний гол уургийг таньж, бие организмд мэдээлэл өгөх чадвартай болохыг тогтоожээ. Ингэснээр, “CARD8” уургийг ашиглан өвчтөний бие организмыг идэвхгүй ХДХВ-ээс цэвэрлэх боломжтой юм гэж Сэнт Луис дахь Вашингтоны их сургууль мэдээлжээ.

“CARD8” уургийг нээснээр ретровирусний эсрэг эмчилгээний үрээр ХДХВ-ийг дарангуйлсан өвчтөнүүдийн амьдралын чанарыг ихээхэн сайжруулах боломж гарч ирж байна гэж тус их сургуулийн дэд профессор Шан Лян мэдэгдсэн байна.

Хүний дархлал хомстлын вирус нь уургийн тусламжтай хүний дархлааны эсэд нэвтэрдэг байна. ХДХВ-ний уургийн молекул вирус үржихийн хэрээр хувьсан өөрчлөгддөг тул хүний дархлааны тогтолцоо эсрэг биетийг байнга шинээр гаргах шаардлагатай болдог байна. Хэрэв өвчтөн ретровирусний эсрэг эм бэлдмэл хэрэглэхгүй бол энэ “өрсөлдөөнд” вирус ялдаг аж. Харин ретровирусний эсрэг эмчилгээ хийлгэхэд вирус унтаа байдалд орж, дархлааны анхаарлаас гардаг ба эмчилгээ зогссон даруйд маш богино хугацаанд сэргэдэг аж. Эрдэмтэд хорин гаруй жил идэвхгүй вирусийг устгах арга зам хайж байгаа ч мэдэгдэхүйц амжилт гаргаж чадаагүй байна.

Харин Шан Лян тэргүүтэй эрдэмтэд энэ асуудлыг шийдэх чиглэлд томоохон алхам хийжээ. Тэд “CARD8” дархлааны уураг ХДХВ-ний өсөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг вирусний уургийг илрүүлж, хүний эсийг халдварлуулах чадварыг устгаж, дархлааны эсэд дохио өгдөг байна. Үүний тулд вирусийг унтаа байдлаас нь гаргах шаардлагатай байсан нь хүндрэл үүсгэж байсан бөгөөд эрдэмтэд өдгөө хэрэглээнээс гарсан эфавиренц гэх ХДХВ-ний эсрэг гаргаж авсан анхны эм бэлдмэлүүдийг нэгийг ашигласнаар унтаа вирусийг сэрээх боломжтойг тогтоосон байна. Цаашид судлаачид өвчтөнүүдийн бие организмыг ХДХВ-ээс бүрэн цэвэрлэх, илүү үр дүнтэй эм бэлдмэл гаргаж авахад шаардлагатай мэдээлэлтэй болсон гэж Шан Лян дүгнэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top