ГЭРЧИЛГЭЭГЭЭ ШҮҮХДЭЭД АВ, БИ ШҮҮХИЙГ ХОЁР, ГУРВАН ЖИЛ ГАЦААНА ГЭЖЭЭ
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат гэдэг эр цагтаа арай ч ийм эвдэрчихсэн зантай, элийрсэн имижтэй байгаагүй юм аа. Хүрээлэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйтэй залуу гэгдэж байлаа. Харин одоо бол залуусынхаа тэмдэг, гэрчилгээг авч зугатсан нэг хижээл хүн болсон байна. Өөрийнхөө өгсөх гялалзах замыг өөрөө л бусниулчихсан юм. 2012 оноос хойш Монголын залуучуудын холбоо гэх зуун жилийн түүхтэй байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа залууст гэхээсээ илүү өөртөө өгөөжтэй явж ирсэн гэдэг. Улс төрөөс ангид байх ёстой залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготойгоор 1921 онд байгуулагдаж байсан байгууллагыг улс төрийн бохир суртал ухуулгын төв болгож байлаа.
Тухайлбал, 2016 онд “Хар цагаан” жагсаалт гэж гаргаж баахан хүн “харлуулсан” юмдаг. Мөн өөрөө Иргэний хөдөлгөөний намын дарга болж баахан хүнийг нэр дэвшүүлж бариад сүйдэлсэн байдаг. Монголын залуучуудын холбоо дүрмээрээ улс төр, шашнаас ангид байх ёстой гэж байгаа. Улс төртэй холбосон үйлдэл нь тамтагаа алдсаны дээр шашинтай холбоотой хэцүү юм ч их бий. Нэгдүгээрт, А.Мөнхбат өөрөө зайран хүн. Хүн юу шүтэх нь манайх шиг эрх чөлөөт, ардчилсан оронд хэнд ч хамаагүй. Гэхдээ Монголын залуучуудын холбоо гэх Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоо, чиглэлийн салбар холбоо, зөвлөл, клуб, хорооноос бүрдсэн 1200 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээний байгууллагын удирдлага өөрийн шүтдэг шашин, мөргөлтэй холбоотой элдэв зүйлсээр оффисоо чимэглээд байж байх бол арай хэтэрнэ. Бүр МЗХ-ны логог хүртэл бөөгийн агуулгатай болгож өөрчилсөн гэж байгаа. Өнөөдөр МЗХ-ны байрны дотор хананд байгаа элдэв шүтлэгийн шинжтэй хөх тэнгэр, уул усны зурагнуудаас л ойлгомжтой зүйл. Тэгээд шашны шинж чанартай элдэв чимэглэл, хар сүлд хуй болсон урт үстэй, дээлтэй хүмүүс дотор нь сууж байх Залуучуудын холбооны имижэд хэр тохирох вэ.
Бүр шашин төрийн асуудлыг ч орхиё. Энэ байгууллага социализмийн үеэс үлдсэн өөрийн байртай. Хотын төвд орших томоохон байгууламжийн хэдхэн өрөөнд өнөө холбоо нь байдаг. Үлдсэнийг нь түрээслүүлдэг гэж байгаа. Мөн “Тэргүүний залуу сэхээтэн” гэх мэт элдэв медаль олгодог эрхтэй. Үүнээс орж байгаа мөнгө төгрөг хаашаа ороод байгааг тайлагнасан удаа байна уу. Мэдээллийн сайтуудад удаа дараа дурдсанаар бол зөвхөн нэг жилд найман мянган медалийг ширхэг бүрийг нь 33 мянгаар зардаг гэнэ. Энэ нь 184 сая төгрөг болох аж. Түүнчлэн холбооны байраа нэг мкв-ыг нь 25 мянгаар түрээсэлж жилийн 300 орчим сая төгрөг олдог, гишүүдийн татвар ойролцоогоор 82 сая төгрөг цуглардаг гээд үргэлжилнэ. НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Эрхээ идэвхжүүлье” төслийн 198 мянган доллар, өөр бусад төсөл хөтөлбөрүүдээс орж ирж байгаа мөнгө хаашаа явсныг залуус асуух эрхтэй.
Залууст хандсан харагдсан ажилгүй хэрнээ дураараа туйлж байгаад нь бухимдсан тус холбооны залуус өнгөрсөн тавдугаар сард зургадугаар Их хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулсан байдаг. Угаасаа ээлжит хурал нь 2019 онд болох ёстой ч нэг жил зарлагдаагүй байж л дээ. Тус холбооны Хариуцлагын хорооны тогтоол шийдвэрийн дагуу болсон хуралд дүүрэг, аймгийн 300 залуу оролцож удирдлагын багаа шинэчилжээ. Шинэ ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь “Шашин, үзэл суртлаас ангид байж Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх үзлийг дэмжин ажиллах болно. Салбар нэгж, хороодын чадавхийг дэмжих, тэдний ажиллах боломжийг бүрэн ханган ажиллана. Гадаад харилцааг нэн тэргүүнд анхаарч, бусад орны залуучуудын байгууллагуудын харилцааг сэргээн хөгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Бүх шатны байгууллагын удирдлагыг өөрт оногдсон үүргээ Үндсэн дүрмийн хүрээнд гүйцэтгэж, хариуцлагатай ажиллахыг шаардах болно” гэсэн байна лээ. Одоо л залуучуудын байгууллага зөв зүгт хөдлөх нь дээ гэтэл нөхөр А.Мөнхбат хүлээн зөвшөөрдөггүй дээ. Шинээр сонгогдсон холбооныхоо ерөнхийлөгчтэй уулзахдаа “Шүүхдээд ав. Би шүүхийг хоёр, гурван жил сунжруулна” гэж хэлээд гэрчилгээ тэмдэгээ өгөхгүй таг суучихаж. Энэ улсад залууст чиглэсэн байгууллага байхгүйтэй ижил хэдэн жилийг үдэх болчихоод байгаа юм.
Монголын залуучуудын холбооны дүрмээр бол ерөнхийлөгч нэг удаа улирч болдог. А.Мөнхбат 2012 онд ерөнхийлөгч болоод 2015 онд тавдугаар Их хурлаар улирсан юм билээ. Тэгэхээр түүнд дахиж ажиллах боломж байхгүй. Хамгийн доогтой нь мөн л дүрмээр тус байгууллагын гишүүнчлэл 16-40 нас гэж заасан байдаг. А.Мөнхбат өөрөө ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ үүнийгээ хэлсэн нь бий. Гэтэл одоо тэрбээр 44 настай. Дахиж сонгогдох эрхгүйн дээр нас нь хэвийсэн энэ хүн залуучуудын байгууллагаас салж өгөхгүй байгаа нь ямар эрх ашиг байна вэ. Залуусын байгууллагад улс төр, шашныг хослуулан эзэн суух тийм ашигтай хэрэг үү. Хамгийн гол нь өнөөдөр залууст чиглэсэн бодлого, үйл ажиллагаа алга гэж бүгдээрээ халагладаг. Тэдний төлөө дуу хоолойгоо гаргах ёстой байгууллага нь ингэж тоглуулж байхад аргагүй шүү дээ.
Сэтгэгдэл ( 3 )
Залуусын хөгжил дэвшлийг боогдуулсан хөгийн новшийг чирээд гаргаж тантанруу хаяаач. Тэр байрлуу орох эрхгүй этгээд юм байна ш дээ. Болоогүй ээ бас ашиг сонирхолын зөрчилтэй шуналтай хулгайтай дээрэмтэй этгээд юм шиг бна даа. Шоронд сууж шонд дүүжлүүлэх имиджтэй хүн юм биш үү аан?
Сайханбилигийн тавиул хөхүүршдээ
Энэ байрыг буулгаж, 23 давхар оффис барихаар гэрээ энэ тэр хийсэн юм билээ. Өөрөө 5 давхарыг нь авах, Залуучуудын холбоонд 5-6 давхарыг нь өгөх, харин 13 давхарыг нь хөрөнгө оруулсан тал авах гээд бүх зүйлийг тохиролцсон гэсэн. Түүндээ л хоргодоод байгаа юм. Өөр юу ч байхгүй.