
Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан гол орж амрах, зугаалах хүмүүсийн тоо эрс ихэссэн. Ялангуяа амралтын өдөр Туул гол дагуу амрагчид их байна. Маршалын гүүр орчмоос эхлээд Хар усан тохой хүртэлх 12 км орчим гол дагуу машин болон хүний урсгал нэмэгджээ. Амрагчдын урсгал нэмэгдсэн энэ хэсгийн ойр орчимд хог ихтэй, машинаа голд угааж байгаа дүр зураг ч хэвээрээ байна. Туул гол нь нийслэлчүүдийн ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад байна. Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэрийн бохир усыг гол руу шууд нийлүүлдэг. Мөн Улаанбаатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл юм. Нийт 700 гаруй км үргэлжлэх Туул голын усны түвшин бүхэлдээ дунд зэргийн бохирдолтой. Харин Улаанбаатараас Алтанбулаг хүртэлх болон Төв аймгийн Заамар сум орчимд хамгийн их бохирдолтой бол хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд хамгийн бага өртсөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас урсах хэсэг нь хамгийн цэнгэг усны үзүүлэлттэй байна.
ИРГЭДИЙН БҮЛЭГ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭДЭГ
Туул голын эрэг дагуух хогийг сайн дурынхан эсвэл иргэдийн бүлэг л цэвэрлэж харагддаг. Тэгвэл тавдугаар сараас эхлээд иргэдийн есөн бүлэг Туул голын дагуух эрэг орчмын хогийг өглөө есөн цагаас эхлээд өдрийн 15 цаг хүртэл цэвэрлэж эхэлжээ. Иргэдийн бүлэг өдөрт 25-30 км газрыг явган алхаж, голын эрэг дагуух хогийг цэвэрлэдэг. Цэвэрлэгээ хийж байгаа иргэдийн бүлэг өдөрт гурваас дөрвөн машин хог энэ орчмоос төвлөрүүлж, ойролцоох хогийн цэгт хаядаг байна. Сарын 230 мянган төгрөгийн цалинтай иргэдийн бүлэг есөөс арвуулаа нийлж нэг бүлэг болдог. Тэдний ажил өглөө есөн цагт эхэлдэг байна. Иргэдийн бүлэгийн гишүүн, БЗД-ийн 5-р хорооны иргэн Ч.Галбадрах “Бид нарыг хүргэж, авах унаа байдаггүй. Дандаа өглөө алхаж ирээд 20-30 км газар буюу голын эрэг дагуух хогийг түүж цэвэрлэдэг. Өглөө есөн цагаас эхлээд өдрийн 15 цаг хүртэл цэвэрлээд буцаад алхаж харих гэсээр байтал орой болдог. Хогоо хаясан хүмүүст шаардлага тавихаар хүлээж аваад, цэвэрлэдэг хүмүүс бий. Харин зарим хүмүүст шаардлага тавихаар дургүйцсэн өнгө аястай байдаг. Өөрсдийн тарьсан хогийг өөрсдөө цэвэрлээд, аваад явах нь соёлтой хүний шинж. Байгаль дэлхийгээ хайрлаж, хогоо ил задгай хаяхгүй, хүний өөрийн гэлтгүй ойр орчимд байгаа хогийг цэвэрлээд, аваад явж байгаара” гэж уриалав.
ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХОГИЙН САВЫГ ОЛНООР БАЙРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Эх дэлхийгээ хайрлаж, байгальд хогоо хаяхгүй байхыг уриалсан самбар байршуулсан хэдий ч Туул гол дагуу амарч байгаа иргэд хогоо ил задгай хаясаар, харьсан хогоо аваад явдаг хүн ховор болжээ. Гол усаа хамгаалах, хайрлах тухай хууль, дүрмүүдийн хэрэгжилт муу байна. “Гол, усны хамгаалалтын бүсийн дүрмийг зөрчсөн иргэд, үйлдвэр, албан газар, компани, пүүс хоршоолол, хувь нийлүүлсэн байгууллагыг Монгол Улсын усны хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээн хуулинд заасан байдаг. Хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлага нь торгох эсвэл хохирлыг барагдуулах. Харин барагдуулах торгууль нь 40-250 мянган төгрөг байдаг. Хүлээлгэх хариуцлага нь хэтэрхий бага эсвэл сул болохоор хүмүүс хайнга хандаад байх шиг. ХУД-ийн 13-р хорооны иргэн Ж.Энхзаяа “Дулаан цаг ирсэнээр хүмүүс амралтын өдрөөрөө гол орж амрах нь ихэссэн. Үүнээс үүдээд голд машинаа угаах, хогоо ил задгай хаях хүмүүсийн тоо олширч байна. Хүмүүс байгаль дэлхийгээ хайрлах нь газар хаясан хогоо цэвэрлэхээс эхлэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тарьсан хогоо цэвэрлээд, хогийн цэгт аваачиж хаях нь иргэн хүний үүрэг байлтай. Наад зах нь тарьсан хогоо цэвэрлэж чадахгүй байж нэг л их байгаль дэлхийгээ хайрлаж байна гэсэн хүмүүс. Нэг үеэ бодоход сүүлийн үед хүмүүс илүү ухамсартай болж байгаа. Тарьсан хогоо цэвэрлэдэг, хогоо хогийн цэгт нь аваачиж хаядаг хүмүүс илүү олон болох байх аа” гэсэн бол СХД-ийн 20-р хорооны иргэн М.Түвшинсайхан “Сүүлийн үед залуучууд гол орж амрах хандлагатай болсон. Туул голын ойр орчим хогийн цэг, хог хаях боломжтой газар цөөн байгаагаас иргэд хогоо авж явахад хүндрэлтэй байдаг. Гол орчим ер нь хогийн сав илүү олон байх хэрэгтэй. Тэгснээр гол дагуух эрэг орчмын хог багасах байх” гэлээ.
Г.Баасансүрэн
Сэтгэгдэл ( 5 )
Эргүү шүү дээ монгол гэдэг хүн. Юмыг өмчмлж хямгадна гэсэн ойлголт мах цусанд нь байхгүй
Hog hayasan ni batlagdsan humuus iin Torguuliig ni mash undur bolgoj, y-as torgoj baih heregtei.
олигтойхон олон хогийн сав тавьчихаач дээ
хог таригчдын зургийг сошиалд тавьчихоо тэгээд торгуулийн хуудсыг гэр рүү нь явуулаад хүүхдийн мөнгөнөөс нь хасна гэчвэл хогоо аваад харина сармагчинг ч сургаж болдог.
Социолист нийгмийн үед бид орчин тойрон, гэр, ажил гээд хамааралтай бүхнээ цэвэр байлгадаг байлаа. Бидний тэр хүмүүжил өнөөдөр хаа байна, сайн бүхнээ өвлүүлж, саар бүхнээ гээмээр байх юм.