ЧУУЛГАН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Тус хуралдааныг энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн зарлаад байсан ч ирц бүрдээгүйн улмаас ийнхүү өнөөдөр /2019.08.28/ ирвэл зохих 75 гишүүнээс 62 нь ирснээр хуралдах боломжтой болсон юм. Мөн үдээс өмнө зарласан хуралдааны үеэр техникийн саатал гарсан тул түр завсарласан билээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “АН-ын гишүүд хаяад гараад явчихлаа. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмний санал асуулгыг хуулийн хүрээнд явуулах боломж бий юу. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим алдагдлаа. 51 хувийг нь төр эзэмшинэ гэдэг заалт оруулах асуудал юу болсон бэ. Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж нэрлэхээр болж. Ашиглалттай холбоотой зохицуулалтыг яагаад орхигдуулчихав. Ашиглалтыг тодорхой болгохгүй бол эрх мэдэлтэй хүмүүсийн газрын хэвлийн баялаг гадна, дотнын хүмүүст очоод дууслаа шүү” хэмээн асуулаа.

Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад хоёр сар гаруй өнгөрлөө. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2016 оноос хойш боловсруулж, зургаадугаар сарын 8-нд өргөн барьснаас хойш олон удаагийн хэлэлцүүлэг болсон. Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр олон гишүүн АН-ын гишүүд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой гэсний үндсэн дээр улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлыг хийлээ. Тиймээс зөвшилцөлтэй холбоотой асуудал их хийгдсэн. Парламентад суудалтай болон суудалгүй 30 гаруй нам саналаа өгсөн.

Ард нийтийн санал асуулгын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт ард нийтээсээ асууж байж батлахаар тусгасан. Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг явсны дараа УИХ олонхоороо шийднэ.

Байгалийн баялаг ард түмний өмч байх асуудлын хувьд төрийн нийтийн өмч оруулсан учир нь олон улсын туршлагыг харгалзан үзсэн. Харин ашиглалттай холбоотой асуудлын хувьд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт зэрэг ордыг 100 хувь төр эзэмшиж болоод байхад Үндсэн хуульд 51 хувийг төр эзэмшинэ гэж зааж өгөх нь зохимжгүй гэж үзсэн” хэмээн тайлбар хийлээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ард түмний мэдэлд байдаг өмчийг төрийн өмч гэж томъёолоод байгаа. Ард түмнээсээ сонгогддог улсад ийм хэлбэр байж болно. Гэхдээ төрийн өмчийг хувийн юм шиг авч үздэг төртэй байж үзсэн. Ердөө гуравхан жилийн өмнө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хянатдын команид 100 жилээр үнэгүй өгөх шахсан. УИХ авч үлдсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь бол төрийн өөрийн өмч гэдгийг сандал ширээнээс өөр гэдгийг л тунхаглая гэж байгаа юм. Одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчин гэдэг бол одоо байгаа хүмүүсийн паблик компани биш” хэмээн нэмэлт тайлбар хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top