Өнөөдөр 2019.04.04. Монгол эх оронд маань нар 06 цаг 25 минутад мандлаа. Улаанбаатар хотод 10 градус, үүл багасна.
Өнөөдөр олон улсын Интернэтийн өдөр. Мөн Уурхайн ослоос хамгаалах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн нөгөө бөөрөнд Хонконг, Тайваньд Хүүхдийн өдөр, Сенегалд Тусгаар тогтнолын өдөр, Анголд Энхтайвны өдөр юм.
Энэ өдөр “Чаплин”, “Төмөр хүн” зэрэг киноны од бага Роберт Дауни, Олимпийн хошой хүрэл медальт Оросын усанд сэлэлтийн тамирчин Аркадий Вятчанин, Германы хөлбөмбөгч Сами Хедира, Америкийн сагсанбөмбөгч Фрэнк Камински зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд: 1944 оны энэ өдөр “Пионерийн үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарав. 1957 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч н.Аварзэд болон ГЯЯ-ны орлогч сайд н.Дугарсүрэн нар БНМАУ-д найрсаг айлчлал хийхээр ирж буй БНЧАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг тосохоор үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирсэн байна. 1958 оны энэ өдөр БНХАУ-ын Биеийн тамирын хорооны урилгаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамирын хорооны мотоспортын хэлтсийн дарга н.Халтархүү тэргүүтэй Монголын баг тамирчид 19 хүн Тяньжин хотод хагас сар айлчлал хийхээр явжээ.
1988 оны энэ өдөр Ханш нээх баярыг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын зөвлөх Ван Баомин Элчин сайдын яамны ажилчдын хамт БНМАУ-аас БНХАУ-ын ажилчдад зориулан Улаанбаатар хотноо байгуулсан оршуулгын газрыг цэвэрлэж хөшөөнд цэцэг өргөв.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд: 1967 оны энэ өдөр иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Нью-Йорк хотын Риверсайдын сүмд “Вьетнамын ард: Аниргүйг цочоосон цаг хугацаа” илтгэлээ олон нийтэд тавьжээ. 1968 оны энэ өдөр Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Сансар судлалын агентлаг “Аполло 6” хөлгийг хөөргөв. 1969 оны энэ өдөр Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суурилуулах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ. 1973 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв нээгдэв. 1975 оны энэ өдөр АНУ-ын Нью Мексико мужийн Албукерк хотод бизнесийн хамтрагчид болох Билл Гэйтс, Пол Аллен нар “Майкрософт” компанийг байгуулжээ.
Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр үхрийн ордныхон авьяас чадвараараа бусдад үнэлэгдэнэ. Тэгвэл матрынхан бизнестээ анхаарал хандуул. Харин загасныхан хайр дурлалд одтой байна гэж өрнийн зурхайд буужээ.
Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно. Гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйл хийхдээ хянамгай хандаарай. Энэ өдөр мал худалдаж авах, угаал үйлдэхэд сайн гэж дорнын зурхайд буужээ. Харин архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )