Өнөөдөр 2019.04.01. Монгол эх оронд маань нар 06 цаг 31 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 9 градус, үүл багасна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Өнөөдөр Олон улсын инээдмийн өдөр. Энэ өдрийг зарим улсад “Тэнэгүүдийн өдөр” ч гэдэг аж. Мөн энэ өдөр Олон улсын шувуудын өдөр тохиож байна. Мөн Японд Хаврын бүжгийн өдөр, Иранд Исламын бүгд найрамдах Иран улсын өдөр, Тайландад Төрийн албаны, ӨАБНУ-д Гэр бүлийн өдөр болж байна.
“Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн ялагч Сюзан Бойл, Финландын 43 дахь Ерөнхий сайд Александер Стабб, Америкийн сагсан бөмбөгч Робин Лопез, сагсанбөмбөгч Брүүк Лопез, Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн болон Европын аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Ян Блокхуйзен, Олимпийн хошой, тив, дэлхийн аварга Хятадын гимнастикч Денг Линлин зэрэг алдартан өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1939 оны энэ өдөр Испанид Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгснийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэжээ. 1970 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хориглов. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. 1976 оны энэ өдөр Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Вэйн нар АНУ-ын Калифорниа мужийн Купертино хотод “Apple” компанийг байгуулав.
2001 оны энэ өдөр Югославын холбооны улсын Ерөнхийлөгч асан Слободан Милошевич цагдаагийн тусгай хүчинд бууж өгч, баривчлагджээ. Мөн оны энэ өдөр Нидерландад ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан байдаг. 2004 оны энэ өдөр Технологийн алдарт “Google” компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх “Gmail” программыг олон нийтэд танилцуулж байв. 2011 оны энэ өдөр Афганистаны Мазар и-Шариф хотод НҮБ-ын гадаа Коран судрыг шатаасан үйлдлийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, 13 хүн амиа алджээ. Амиа алдагсдын найм нь гадны иргэн байсан юм.
Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр нумын ордныхон ажилдаа амжилт гаргана. Мөн арслангийнханд санхүүгийн боломжоо дээшлүүлэхэд тун таатай үе гэж өрнийн зурхайд буужээ. Харин бизнес эрхэлдэг хумхын ордныхон том хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй гэжээ.
Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн. Хулгана, бич жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эмнэлэгт хандах, хишиг даллага дуудуулах болон урлах үйлд сайн. Харин газар ухах, гүүр тавихыг цээрлээрэй. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )