Нобелийн шагналт Кирк Смит: Монголын агаарын бохирдол бусад орноос АРАВ дахин илүү

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Олон улсад нэр хүндтэй  эрдэмтэд  өнөөдөр  /2019.03.28/  болсон  "Агаарын бохирдол ба эрүүл мэнд" эрдэм шинжилгээний чуулга уулзалтад оролцож, Монгол улсын агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай шийдэл, гарцыг хэлэлцсэн юм. Тухайлбал,  Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын Беркелейн Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит хүрэлцэн ирсэн юм.  Тэрбээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө ба агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар саналаа хуваалцлаа.  Энэ үеэр  түүнээс цөөн  асуултад хариулт авав. 


-Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар таны байр суурийг сонсох гэсэн юм? 

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зүйлийг буруу гэж би хэлэхгүй. Маш олон шийдвэр гарсан ч,  хэрэгжүүлж буй арга зам нь болохгүй байна. Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд хүчлэхгүйгээр орхичихдог юм  байна. Миний бодлоор зарим нэг хүнийг шийтгээд, шоронд хориод,  дүрмээ сайн баримтлуулдаг болгох хэрэгтэй. Тийм байдлаар гаргасан шийдвэрээ утга төгөлдөр хэрэгжүүлэх шаардлагатай байх. Ер нь явц зөв явж байгаа ч, хэтэрхий удаан байгаа учраас үр дүн нь харагдахгүй байгаа гэж ойлгож байна.

-Утаа багатай  нийслэлтэй болохын тулд  утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Таны харснаар дэлхийд утаагүй түлш, утаагүй зуух амжилтад хүрсэн түүх байдаг уу?

-Монголын хувьд түүхий нүүрс түлж байгаа нь гол асуудал болоод байгаа юм. Жишээлбэл, Энэтхэгт 500 мянган хүн түүхий нүүрсний хэрэглээг LPG буюу газаар сольсон нь үр дүнд хүргэж байгаа. Жилээс жилд газ хэрэглэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тэгэхээр энэ  маш үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг жишээ байгаа юм. Сайжруулсан түлш, сайжруулсан зуухны  тухайд агаарын бохирдлыг бууруулж байгаа ч,  яг цэвэр агаартай болгож байгаа гэсэн үг биш. Тийм учраас өөр төрлийн түлшээр орлуулсан тохиолдолд шууд цэвэр агаартай болохгүй гэсэн үг юм. Ямар нэгэн байдлаар түүхий нүүрсний оролцоотой тохиолдолд  цэвэр агаар болохгүй ээ. Сайжруулсан түлш, сайжруулсан зуухыг маш олон улс туршиж үзсэн байдаг. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн оновчтой хоёр арга зам л байгаа. Нэгдүгээрт, хий буюу газ хэрэглэх. Хоёрдугаарт,  цахилгаан хэрэглэх гэсэн хоёр л арга зам бий. Эдгээр арга нь  цэвэр агаартай болох арга зам гэсэн үг.

-Монголын агаарын бохирдлын түвшин хэр хэмжээнд байна вэ?

-Яг одоо тэд гэж нэгж тоо хэлэхэд маш хэцүү. Ерөнхийдөө бусад орноос арав дахин илүү байгаа гэж хэлж болно. ДУНДАЖ БИШ ШҮҮ.

-Монгол Улстай ижил агаарын бохирдолд хүрсэн улс орнууд одоо бий юу. Тэдгээр улс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байна вэ. Агаарын бохирдлоос ангижирсан улс орнуудын бодит жишээг дурдаач? 

-Хятад, Энэтхэг гэсэн улсуудад Монголтой адил үүдэлтэй агаарын бохирдол их байдаг. Гэхдээ Монгол шиг нийт бохирдлын 70 илүү хувь нь гэр хорооллын айл өрхөөс эх үүсвэртэй биш. 20, 30 хувьтай байдаг орнууд бий. Эх үүсвэр нь адилхан учраас Энэтхэгийн жишээн дээр ярихад түлшний төрлийг сольсон байдаг. Түлшний төрлийг хий буюу газан түлшээр сольсон байна. Энэтхэгийн амьдралын түвшин дундаж хүмүүс газ   хэрэглэдэг байсан бол  одоо амьдралын түвшин доогуур буюу ядуу өрх айлуудад засгийн газраас нь бодлогоор жижиг савлагаатай түлш тарааж өгч байна. Ингэснээр 500 сая гаруй хүний түлшний хэрэглээг өөрчилж, хийн түлш хэрэглүүлж чадсан байгаа юм. Монголд энэ жишээг  ашиглах нь зохистой байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ миний бодлоор цахилгаан ашиглаж агаарын бохирдлоо бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (203.91.115.252) 2025 оны 03 сарын 13

Монголын гээд шаагаад байгаарай. Улаанбаатар гэх байх. тэгээд ч гал түдэггүй дулаан оронтой харьцуулаад байхийн ямар учиртай юм болоо

1  |  0
Top