Дэлхийн банк Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
16 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтнүүдийн хамт өнөөдөр /2026.02.25/ Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Ажлын алба, Дэлхийн банктай өнгөрсөн жилээс мэдээлэл солилцох хэлбэрээр хамтран ажиллаж буй. Энэ жилээс өнгөрсөн онд хийн түлшинд шилжүүлсэн 25 уурын зуух агаар, орчинд хэрхэн нөлөөлснийг тооцох, уурын зуухны шинэчлэлд санхүүжилт олгох боломжийн талаар хамтран ажиллахаар ярилцав.

Байгаль орчны ахлах мэргэжилтэн Самир Акбар Монгол орны агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банкнаас ямар дэмжлэг шаардлагатайг тодрууллаа. Ажлын албаны дарга С.Даваасүрэн аж ахуйн нэгж, байгууллагуудад тохирсон шалгууртай, хөнгөлөлттэй зээл олгох боломжтой эсэхийг лавлахад Дэлхийн банкны зүгээс Төв банк болон арилжааны банкаар дамжуулан санхүүжилт олгох боломжтойг хэлээд Сангийн яамтай зөвшилцөн шалгуурыг харилцан тохиролцож болно гэв.

Мөн Дэлхийн банкнаас Турк, Непал улсад хэрэгжүүлж буй халаалт дулааны төсөл, санхүүжилт, зээлийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top