ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Өнөөдөр 2019.03.28. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 1 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Чех, Словакт Багш нарын өдөр тохиож байгаа бол Азербайжанд Улсын үндэсний аюулгүй байдлын албадын ажилтнуудын өдөр тохиож байна. Харин Сербид Үндсэн хуулийн өдөр.

Өнөөдөр Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Максим Горькийн мэндэлсэн өдөр. Түүнчлэн энэ өдөр Филиппин улсын 16 дахь Ерөнхийлөгч Родриго Дутерте, Америкийн сагсанбөмбөгч Люк Уолтон, Швейцарийн алдарт теннисчин Станислас Вавринка, Греммийн наадмын зургаан удаагийн шагналт дуучин Леди Гага нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1922 оны энэ өдөр С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх” буюу “Сандоо амбан” жүжгийг анх тогложээ. 1966 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид “БНМАУ БНХАУ хоёр улсын 1966 онд харилцан бараа нийлүүлэх хэлэлцээрийн протокол”-д гарын үсэг зурав. 2006 оны энэ өдөр Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин тэргүүтэй Эрээн хотын захиргааны төлөөлөгчид Дорноговь аймагт айлчилжээ. Энэ үеэр Дорноговь аймгийн 13 аж ахуйн нэгж хэлэлцээнд оролцов. Айлчлалын хугацаанд Чэн Хэпин болон төлөөлөгчид Эрээн хотын засаг захиргаа, Монгол Улсын Дорноговь аймаг “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин болон Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурь нарын уулзалтын протокол”,”БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Дорноговь аймгийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээ”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Замын-Үүд боомт хот 2006-2007 оны найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээ” зэрэг баримтад Замын-Үүд хотноо гарын үсэг зурав.

2011 оны энэ өдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо анхны хуралдаанаа хийж байв. 2012 оны 03.28-04.01-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1854 оны энэ өдөр Франц болон Британи улс ОХУ-д дайн зарлажээ. 1959 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөл Түвдийн засгийн газрыг тараав. 1970 оны энэ өдөр Туркийн баруун хэсэгт газар хөдөлж 1000 гаруй хүн амиа алджээ. Мөн 2005 оны энэ өдөр Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж, 1300 хүн амиа алдаж, 1140 хүн бэртэж гэмтэж байв.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр хонины ордныхон өөрсдийн хичээл зүтгэлээр амжилтад хүрнэ. Тэгвэл нумынханд энэ өдөр залхуу зан зохихгүй гэж өрнийн зурхайд өгүүлжээ. Харин хилэнцийн ордныхныг ажлын амжилт, карьерын өсөлт хүлээж байна.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. Бич жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Энэ өдөр дархны үйл хийх, лус тахих зэрэгт сайн бол архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөх зэргээс татгалз. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top