ЦАГ АГААР: Нойтон цас орж хүйтрэхийг анхааруулж байна

2019 оны 03 сарын 26

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

 

2019 оны гуравдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэрийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Эхийн голын баян бүрд орчмоор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

2019 оны гуравдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top