Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

 Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.

Цаашид түүхий тосны найдвартай хангамж бий болгох чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийх, дамжуулах хоолойн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, төслийн менежмэнтийн зөвлөх болон гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зэрэг чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

2022 онд ашиглалтад оруулах газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35, авто болон төмөр замын холбоос 3.7 км гүүр 50, төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна. Үйлдвэрийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилгын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Товч мэдээ

  • “Төрөөс авто тээврийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталлаа. Шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргах юм.

  • “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Мөн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

  • Энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. Хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

  • Хоёр улсын иргэд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой туслалцааг харилцан үзүүлэхээр Бүгд Найрамдах Беларусь Улстай тохироод байна. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхтэй холбоотой гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтов.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top