Зөвлөлтийн армийн ялалтын уухай ”КАТЮША”

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 09

Энэ өдөр Дэлхийн улсуудад энх тайван ирсэн, дайны хар утаа зогссон 72 жилийн түүхт өдөр тохиож байна.

Зөвлөлтийн армийг ялалт байгуулахад гойд тус хүргэсэн КАТЮША тийрэлтэт пуужин болон Матвей Блантерийн аялгуу, Михайл Исаковскийн шүлэг КАТЮША  дууны талаар хүргэе.

Дайны жилүүдэд эмзэг турьхан бүсгүйчүүд ч фронт дээр эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж, суман мөндөрт өртөж үхэл сэхлийн зааг дээр байсан цэргүүдэд гагцхүү эмэгтэй хүний нандин сэтгэлээр асарч, сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ, баатарлаг дайчдын эр зоригийг бадраахыг зорьсон явуулын урлагийн бригадад оролцон итгэл найдвар хайрлаж байсан юм.

Ийнхүү дайны жилүүдэд фронт дээр цус асгаруулан тэмцэж, ар талд хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байсан Зөвлөлтийн ард түмэнд итгэл найдвар, сэтгэлийн гэгээ хайрлаж байсан олон зүйлсийг ярьж болох ч хүн гэгч сэтгэлийн амьтан тул урмыг нь бадрааж, хүчин мөхөсдөх цагт хөл дээр нь босгож байсан олон сайхан дууг ярихгүй өнгөрч болохгүй. Эх орноо хилчин цэрэг чи минь хайрла, энэ хайраа Катюша хайрлаг хэмээх цоглог хэмнэлтэй “Катюша”,  тулааны замд ачааны тэрэг дээр нүүрлэн ирэх аюулыг ердөө сэтгэлдээ төсөөлөн ганихарч байгаа “Эх , дороги” зэрэг олон олон дуунууд өнөөг хүртэл дуулагдаж, сурах бичгийн хуудас, дайны тухай киноноос л хүнд хэцүү жилүүдийн тухай төсөөлөл авдаг бидэнд урлагаар дамжуулан Зөвлөлтийн ард түмний амссан асар их уй гашуу, сэтгэлийн хат, ялалтын үнэрийг бага ч гэсэн мэдрүүлсээр байна.

КАТЮША дуу

Зөвлөлтийн хөгжмийн зохиолч Матвей Блантерын хөгжим, Михаил Исаковскийн шүлгээр бүтсэн Катюша дуу 1938 оны арван нэгдүгээр сард анх эгшиглэснээс хойш аугаа их Эх орны дайны үеийн сүлд дуу болсон байна.

Энэ нь дуу хөгжмийн амьдралд гарсан чухал үйл явдал болсон төдийгүй нийгмийн онцгой үзэгдэл болсон юм.

Олон сая хүн энэ дуун дээр гардаг бүсгүйг байлдагч залууд хайртай, түүнээсээ хариу хүлээж байгаа бодит эмэгтэй хэмээн бодож байсан тул түүнд зориулан захидал хүртэл бичиж байлаа.

Цэргүүд “Катюша” дууны аян дээр зүрхнийхээ угаас гарсан үгээр дуулж, энэ дуугаа хайртай бүсгүй, мөрөөдөл, итгэл найдвартаа зориулан дуулдаг байжээ. Тэр ч бүү хэл нэгэн нэр нь үл мэдэгдэх цэрэг Катюшаг яг л хажуудаа байгаа юм шиг “Тэнэсэн сум намайг оновол хайрт минь битгий гуниглаарай, миний тухай бүх  үнэнийг хэл” хэмээн дуулдаг байжээ.

Тухайн үед фронтод дуун дээр гардаг нэртэй бүсгүйчүүд олон байлаа. Тэдний нэг нь фашистын хэд хэдэн мэргэн буудагчдыг устгасан Улаан армийн одонт плумётчин, ахлах дэслэгч Катюша Пастушенко байв.

1943 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 44 дүгээр армийн “На штурм” сонинд Катя Пастушенкогийн тухай шүлэг хэвлэгдсэн бөгөөд түүн дээр Катя Иванова гэж бичсэн байлаа. Цэргийн нисгэгч, орон нутаг судлаач Николай Семенович Сахногийн тодруулснаар Катя Иванова үнэхээр ховорхон гавьяа байгуулсан, бардам, сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй нэгэн байжээ.

Дөнгөж сургуулийн сурагч байсан Катя сайн дураараа фронт руу явж, тэр дороо Сталинград руу явсан гэдэг. Сувилагч, плумётчин байсан тэрбээр фронт дээр А.А.Еременко хэмээх офицертэй гэрлэсэн байна.

Энэ дуутай холбоотой өөр нэгэн сонирхолтой түүхийг Керченскийн булангийн тулаанд оролцож байсан Илья Сельвинский хэмээх ахмад дайчин ярихдаа:

“Нэгэн үдэш эргэн тойронд нам гүм байх үед германчуудын байрласан нуувчнаас гэнэт л Катюша эхлэх нь сонсогдсон. Тэд энэ дууг дахин дахин тавьж сонсож байлаа. Энэ нь бидний уурыг маш их хүргэсэн л дээ. Яахаараа энэ муу фашистууд манай “Катюша”-г сонсдог билээ. Түргэн очиж Катюшагаа авцгаая хэмээн бухимдацгаасан. Ингээд л манай хэсэг дайчид фашистуудын нуувч руу дайран орж, юу болоод байгааг ухаарч амжаагүй байхад нь бут цохин Катюша дуутай пянзийг өөрсдийн болгосон юм” хэмээн ярьжээ.

Эх орны дайны үед Зөвлөлтийн цэргийг ялалтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тийрэлтэт пуужин харвагч КАТЮША

1921 оноос утаагүй дарийг ашиглан тийрэлтэт цэнэгт хошуу зохион бүтээх ажил эхэлсэн бөгөөд Г.Э.Лангемакгийн удирдсан баг уг төслийг дуусган тийрэлтэт хошууг нисэх хүчний анги нэгтгэлүүдэд туршиж эхэлжээ.

1937 онд зөвлөлтийн нисэх хүчний ангиуд 82мм болон 132 мм-ийн тийрэлтэд сум хүлээн авч ашиглаж эхэлсэн бөгөөд уг тийрэлтэд сумыг армид ашиглах боломжтой юм байна гэдгийг олж харжээ.

1939 оны зун Халхын голын тулалдааны үеэр РС-82 маркийн тийрэлтэт цэнэгт хошууг И-16 болон И-153 сөнөөгч онгоцуудад суурилуулан анх удаа байлдааны нөхцөл байдалд амжилттай туршжээ.

Дайны үеэр Попково тосгоны ойролцоо болсон тулгаралтын үеэр зөвлөлтийн цэргүүд германчуудын эсрэг “Катюша”-аар галласны дараа герман цэргүүд оросуудыг маш олон их буугаар зэрэг галлаж байна гэж бодсон гэдэг.

БМ-13 хэмээх албан ёсны нэртэй энэхүү зэвсэглэлийг юуны учир«катюша» хэмээн нэрийдэх болсон талаар нэгдсэн тодорхой үүх түүх байдаггүй ч Катюша дууны нэрээр нэрлэсэн байх магадлал хамгийн өндөр юм.

Учир нь БМ-13-ыг 1941 оны 7-рсарын 14-ний өдөр Смоленск мужийн Рудня хотод цөмрөн орсон германы цэргийнхний эсрэг анх удаа хэрэглэсэн бөгөөд эгц өндөр уулын орой дээр байрлалаа эзэлсэн байсан нь дээрх дуун дээр гардаг "Катюша өндөр эрэг дээр гарч ирлээ" хэмээх бадгийн утгатай нийцэн цэргүүдэд төсөөлөгдөж байснаас ийнхүү нэрлэсэн байж болзошгүй юм.

1941 оны 6-рсарын 21-ний өдөр буюу Дэлхийн 2-р дайн эхлэхээс хэдхэн цагийн өмнө дээрх зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэх тушаалд И.В.Сталин гарын үсэг зурж   байжээ.

1941 оны 6-р сарын 26-ны өдөр ЗИС-6 маркийн автомашины кузов дээр байрлуулсан БМ-13 зэвсгийн угсралтын ажил дуусч фронтод илгээгдэн ахмад Флёровын удирдлаган доор анхны ширхэг Катюша хэмээх зэвсэг дайны ажиллагаагаа эхэлж, тун удалгүй 8-р сард 36 ширхэг болон нэмэгдэж, улмаар дэлхийн 2-р дайны явцад 30000 ширхгийг үйлдвэрлэн гаргажээ. 

1941 оны наймдугаар сарын 8-ны өдөр ерөнхий командлагч Сталины тушаалаар тийрэлтэт артиллерийн анхны найман хороог бий болгосон бөгөөд есдүгээр сарын 12-нд ес дэх хороог байгуулж байв.

Тухайн үед тийрэлтэт артиллерийн нэг хороо нь 5-10 секундын хугацаанд 576 ширхэг пуужин харвах чадалтай байсан бөгөөд эдгээр пуужингууд нь 100 гектор талбайд байрлаж буй дайсныг устгах боломжтой байлаа.

Пуужингийн толгой нь газарт унаж задраад, задарсан хэлтэрхий нь 800 хэмийн халуун үүсгэж, эргэн тойрныхоо бүх зүйлийг шатаадаг байсан учраас дайснууд зэвсгийг аюултайд тооцож байсан юм.

Шинэ зэвсэг болох “БМ-13”-ыг нууцлах тухай чухал шийдвэрийг 1941 оны есдүгээр сарын найманд гаргасан байдаг. Уг тийрэлтэт артиллерийн ангиудыг бусад анги, нэгтгэлээс тусгаарлан “гвардын миномёнтын ангиуд” гэж нэрлэх болжээ. Энэ ангид алба хаах цэргүүдийг хүртэл нарийн шалгуураар сонгож авч байв. Шинэ зэвсэг дээр ажиллах сургалт дууссаны дараа цэрэг бүрийг уг машиныг дайсны гарт оруулахгүй гэсэн тангараг өргүүлдэг байжээ.

Мөн машин нэг бүрт өөрийгөө устгах зориулалттай 30 кг тэсрэх  бодис байрлуулсан байна.

Катюшаг 1941 оны долоодугаар сарын 14-нд анх удаа ашигласан, гэхдээ тухайн үед Германы хуурай замын цэргийн командлагч байсан генерал Франц Гальдерын 1941 оны наймдугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэл дээр “Оросуудад гал шидэгч автомат их буу байна. Уг буу цахилгаан шиг хурдан бууддаг. Буудах үедээ их утаа гаргадаг. Уг бууг олзолвол яаралтай илтгэх” гэж бичжээ.

Энэ зэвсэг Москва, Сталинградын хамгаалах, Курскийн цүлхэнд болсон тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Байлдааны байрлал эзлээд маш хурдан буудлага хийчихээд нуугддаг байсан.

Хамгийн гол дутагдал нь уг пуужингаар 3 км-ээс хол зайд буудлага хийх боломжгүй байсан билээ.

Тулалдааны үед германы танкын довтолгоог “Катюша” машиныхаа урд дугуйг нь газар ухаж суулгаад дайсны танктай зэрэгцүүлж байгаад буудаж зогсоож байсан тохиолдол хүртэл гарч байжээ.

КАТЮША ДУУНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Угранск дүүргийн Всходы сууринд “Катюша” дууны музей байрладаг аж.

1943-1945 онд илүүтэйгээр алдартай байсан бадаг нь “Фашистууд Оросын Катюшаг санаж аваг. Түүний хэрхэн дуулж байгааг сонсог. Энэ дуу дайсны сүнсийг зайлуулж, өөрийнхөө дайчдад гавьяаг авчраг” гэсэн үгтэй байжээ.

Хачирхалтай нь фронтын шугаманд энэ дууг өдөр бүр шахам сонсдог байсан нацистууд хүртэл “Катюша”-д дуртай болсон аж.

Тэр ч бүү хэл Германы 125-аар дивизийн маршийн дуу Примавера нь Катюшагийн аятай байжээ.

Ром хотыг чөлөөлсний дараа партизанчууд хамба ламтай уулзахаар ирэхэд Ватиканд Катюша дууг дуулж байжээ. Дайны дараагийн жилүүдэд энэ дуу Японд алдаршсан байна. Дуу АНУ-д хүрч, дэлхийг тойроод Смоленшинд буцаж иржээ.

Манай улсад 1976 онд Баатар ван Н.Наваан-Юндэн Катюшаг анх орчуулж байсан бол 1978 онд Ж.Бадраа, харин эл орчуулгуудаас арай эрт нэрт зохиолч Р.Чойном 1965 онд орчуулан өврийн дэвтэртээ буулган үлдээсэн байна. Үүний дараагаар 1971 онд дахин шинэчилж Катюшаг орчуулсан байсан нь өдгөө Р.Чойномын “Өд” санд хадгалагдан үлджээ.

  • Р.Чойномын орчуулга

Катюша

1. Алим лийрийн модод цэцэглээд
Аясын будан гол дээр хөшиглөөд
Өндөр цавчим эргийн дээгүүр
Өгсөөд гарлаа хүүхэн Катюша

2. Гарч зогсоод дуугаа аяланхан
Гардан хадгалсан захидлаа дууллаа
Талын буурал бүргэд нь болсон
Танхил амрагаа дурсан дууллаа

3. Дуу, ай хө, охимсогхон тэр дуу
Дулаахан хурц нарыг дагаад
Алсын хил дээрх байлдагч түүнд нь>
Амраг Катюшийн мэндийг хүргээрэй!

4. Эгэл бүсгүйг дурсаг тэр хүн
Эгшиг дуугий нь сонсог тэр хүн
Эх нутгаа хайрт нь хамгаалаг,
Энхрий хайраа Катюш хамгаална

5. Алим лийрийн модод цэцэглээд
Аясын будан гол дээр хөшиглөөд
Өндөр цавчим эргийн дээгүүр
Өгсөөд гарлаа хүүхэн Катюша

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАХАВ ЯАХАВ(202.72.245.207) 2025 оны 05 сарын 06

ГЕРМАНУУД ПУУЖИНГААР ХАМГИЙН ТЭРГҮҮН ТЕХНОЛОГИТОЙ БАЙСАН ГЕРМАН ОРОС 2 ДАЙНААС ӨМНӨ ЭНЭН ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМ АА

2  |  0
зочин(202.179.27.218) 2025 оны 05 сарын 06

Аргагүй л зөвлөлтийн армийн уухай даа бахархамаар

2  |  0
герман катюша-д(202.131.243.186) 2025 оны 05 сарын 06

Германчууд өрөвч зөөлөн сэтгэлтэй хүнлэг энэрэнгүй учраас өөрсдийн хийсэн Герман КАТЮША-г хэрэглээгүй юм гэж баталсан нь арай дээр байхдаа. бас youtupe дээр байгаа гэчижээ

2  |  0
zochin(81.21.210.36) 2025 оны 05 сарын 06

Youtube deer huuramch bichleg hiisen baidag.zevsegiig orosuud oorsdoo hiisen uam

2  |  0
zochin(81.21.210.36) 2025 оны 05 сарын 06

Youtube deer huuramch bichleg hiisen baidag.zevsegiig orosuud oorsdoo hiisen uam

2  |  0
GERMAN ZEVSEG(202.9.42.98) 2025 оны 05 сарын 06

KATUSHA SHIG TIIRELTET PUUJIN GERMANCHUUDAD CH BAISAN ENE ZEVSEG OROS GERMAN 2-UULAND NI BAISAN HUDLAA GEVEL YOUTUBE-EES OROOD HARJ BOLNO TIIRELTET PUUJIN ANH GERMAND UUSSEN BAIH MAGADLAL ONDORTEI AK-47-IIN ANHNII HUVILBARIIG CH MON GERMANCHUUD HIISEN DELHIIN 2-R DAIND ASHIGLAJ BAISAN

2  |  1
Top