Ойжуулалтын аян өрнүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

С.Оюун: Хувийн хэвшлийнхний ойжуулалтыг улсын ойн санд худалдаж авах боломжтой болсон

“Туул голоо хамгаалахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор “Ойжуулалтын аян”-ыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны нээлт өчигдөр болж өнгөрлөө. Дээрх үйл ажиллагаанд БОНХ-ийн сайд С.Оюун, Туул голыг ойжуулах ажлыг хийж буй “Их Уст Туул” ТББ-ын тэргүүн А.Оюунсаран, болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, Байгаль орчны зөвлөх Э.Зоригт нар оролцсон юм. Энэ үеэр БОНХ-ийн сайд С.Оюунтай Туул голын ай савыг ойжуулах ажлын талаар болон улсын хэмжээнд баримтлах бодлогын талаар ярилцлаа.

-Туул голыг ойжуулах ажлын талаар яриагаа эхлэе. Энэ ажил Туул голын усны түвшинг тэтгэхээс гадна олон талын ач холбогдолтой байх?

-Туул голыг ойжуулах энэ ажлыг анх “Их Уст Туул” ТББ санаачилсан. 1940-өөд онд Улаанбаатар хотыг барилгажуулахтай холбоотойгоор Туул голын эхэнд байгаа хэсэг газрын модыг огтлосноор энэ хэсэг газар модгүй болсон. Тухайн үед барилгажилт хэрэгтэй байсан байх. Харин одоо тэр газарт ойжуулалт хэрэгтэй байна. Нэлээд их мод огтолсоноос болж Туул голын түвшин нь буурсан гэж үздэг. Ойжуулалтын ажил түүнээс хойш 1950-1960 онд тодорхой хэмжээгээр явагдсан ч хангалттай хийгдэж чадаагүй. Одоо “Их Уст Туул” ТББ тарьц суулгацын үйлдвэрлэлийг шинэ технологиор явуулж, ойжуулж эхэлсэн. Энэ бол их дэвшилтэт технологи учраас хавар, зун, намрын улиралд тарих бүрэн боломжтой. Өмнө нь Монголд хавар, намарт л ойжуулалтын ажлыг явуулж, зуны улиралд явуулахад технологи дутагддаг байсан. Тэгвэл энэ технологиор зун тарих боломжтой болсон. Зун тарих яагаад ашигтай вэ гэхээр манай улсад 7-8 дугаар сард хамгийн их хур бороо ордог. Жилд орох ёстой тунадасын бараг 70, 80 хувь нь 7-8 дугаар сард ордог. Тэгэхээр энэ үед ойжуулалт хийвэл услагаа сайтай байна гэсэн үг. Тиймээс энэхүү шинэлэг техник технологийг бид бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Ер нь манай газар нутгийн хэдэн хувийг ой эзэлж байна. Ой модны хамрах хэмжээ багассан гэж байгаа. Ойжуулах ажилд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Монгол Улсын нийт газар нутгийн найм гаруйхан хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Ойн цоорхой зэрэг ороод 12 шахам хувь нь ойн сан гэж үздэг. Тэгэхээр цаашид Монгол Улсын хувьд ойжуулалтын ажлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл, малын тоо нэмэгдсэн гээд олон зүйлээс хамааралтай. Жилдээ улсын төсөвт ойжуулалтад тав гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг. Түүний нэлээд хэсгийг хортон шавьжтай тэмцэх, ойг хамгаалах, ойн нөхөрлөлүүдийг дэмжихэд зориулж, яг мод тарих ажилд нэг тэрбум хүрэхгүй төгрөгийг л зарцуулдаг. Энэ нь манай улсад тарих шаардлагатай ойжуулалтад зарцуулах хангалттай мөнгө биш. Үүгээр жилдээ 8-10 мянган га-д л ойжуулалт хийдэг.

-“Их Уст Туул” ТББ шиг компанийн нийгмийн хариуцлагынхаа дагуу ойжуулалтад туслах компаниуд хэр их байдаг вэ?

-Ойжуулалтын тариф нь мөрдөгдөөд нэлээд олон жил болж байна. Үүнийг нэмэхээс өөр аргагүй байгаа. Нэг га ойжуулалт хийхэд 200-350 мянган төгрөгийг улсын төсвөөс төлдөг. Энэ нь ойжуулалтыг хийж байгаа компаниудад ашиггүй. Тиймдээ ч энэ жил Баянзүрх, Чингэлтэй хайрхан, Дорнодын нутгийг ойжуулахаар тендер зарлахад сонирхсон компани байхгүй байх жишээтэй. Тиймээс тарифийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Болж өгвөл ирэх оны нэгдүгээр сараас шинэ тариф үйлчлэхээр ажиллана. Дээрээс нь улсын төсвөөс ойжуулалтын мөнгийг аль болох нэмэгдүүлнэ. Гэхдээ зөвхөн улс нь төсвөөсөө мөнгө гаргаад ойжуулалт хийгээд байвал хангалттай хурдтайгаар ойжуулалт явагдахгүй. Тэгэхээр бид эдийн засгийн хөшүүргийг бий болгохоор өнгөрсөн жил хуульд зарим зүйл заалт оруулсан. Энэ жил хэд хэдэн шинэ журмууд гарсан. Тэр нь хувийн хэвшил, иргэдийг мод тарих, ойжуулахад идэвхижүүлэх журам юм.

-Ямар журмууд байгаа бол. Үр дүнг нь хэрхэн хүлээж байна?

-Таримал ойг улс худалдаж авах боломжтой шинэлэг зүйл гарч байгаа. 2000 оноос хойш мод тариад тэр нь жижигхэн төгөл, ой болсон бол түүнийг нь үнэлээд улс нь буцааж худалдаж авах юм. Тэгэхээр одоо хувийн хэвшлийнхэн ч гэсэн нэг уулын амыг амлаж аваад тэндээ ой мод тариад хөрөнгө оруулвал түүнийг нь улсын ойн санд худалдаж авах боломжтой болж байна. Мөн иргэд өөрийн эзэмшлийн талбайд ойтой болъё гэвэл түүнийгээ өмчлөх эрхийг нь бас өгөх юм. Энэ жил ойжуулалттай холбоотой бүхий л ажлуудыг НӨАТ-аас чөлөөлсөн. Аймаг, сум дүүргүүд ногоон байгууламж байгуулах ажлыг, хот суурин газраас гадна хээр тарьж байгаа модыг яам хариуцдаг. Тэгэхээр НӨАТ-ын мөнгө буцаад ойжуулалтдаа орж байгаа гэсэн үг. Үүнээс гадна гаднаас мод модон бүтээгдэхүүн оруулж ирвэл бүх төрлийн татвараас чөлөөлсөн. Эрэлт нь нийлүүлэлтээсээ илүү байгаа учраас хулгайн модын асуудал гараад байна. Тиймээс эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгахын тулд гаднаас оруулж ирж байгаа модон бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн. Дээрээс нь дүйцүүлэн хамгаалах гэсэн заалт хуульд орсон байгаа. Энэ нь уул уурхайн компани, бусад үйлдвэрүүд байгаль орчинд сөрөг үйл ажиллагаа явуулж байгаа бол нөхөн сэргээлт хийдэг ч буцаагаад онгон төрхөнд нь оруулахад хэцүү учраас өөр чухал газарт мод тарих, ус рашаан, зэрлэг ан амьтнаа хамгаалснаар түүнийг нь дүйцүүлэн хамгаалахад тооцох юм.

-Журам хэрэгжсэний дараа Туул голын ойжуулалтыг улс худалдаж авах уу?

-Энэ бол “Их Уст Туул” ТББ-ын санаачилга. Үүнийг худалдаж авах эсэхийг одоохондоо яриагүй байна. Тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хүлээж, ойжуулахад хандив өргөж байгаа гэдэг амлалтыг нь авч байгаа. Худалдан авах уу, үгүй гэдэг нь дараагийн асуудал. Журмаа мөрдөөд эхэлвэл тухайн компани худалдах уу, өмчлөх үү гэдгээ өөрсдөө шийднэ. Одоохондоо ойжуулалтын тариф бага байгаа учраас худалдаж авах тариф нь ч гэсэн бага байгаа. Тиймээс ойжуулалтын тарифыг нэмэгдүүлэх тусмаа худалдаж авах тариф нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр мод тарих нь ашигтай болох чиглэл рүү явах ёстой. Бас үүний хажуугаар ашгаа орхиод мод тарих бол буянтай ажил гэдэг үүднээс нь харах ёстой. Мод тарих нь маш олон төрлийн ач холбогдолтой. Юуны түрүүнд цэвэр агаар бэлэглэдэг. Нэг мод тарихад хоёр хүний амьсгалах агаар бүрддэг. Дээрээс нь хөрс, усны ундаргаа хамгаална. Ан амьтан, ойг дагалдах баялаг бий болно гээд ой бол хамгийн чухал баялгуудын нэг. Уур амьсгалын өөрчлөлт асар хурдтайгаар явагдаж байгаа учраас олон улсын байгууллагууд ч ойжуулалт дээр анхаарлаа хандуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu