Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав маргалджээ. Ингэхдээ УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр нэг талд орж, Ерөнхий сайдтайгаа маргасан гэнэ. Тодруулбал, Монголын Улсын хар хайрцагны бодлогыг барьж байдаг энэ гурван эрхэм ҮАБЗ-ийн ээлжит хурлын үеэр газрын тосоо хэрхэн ашиглах талаар байр суурь зөрөлдсөн юм байх. Н.Алтанхуяг сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дархан хотод барьж, ОХУ-аас түүхий нефть худалдаж авах бодолтой байгаагаа хэлсэн бол нөгөө хоёр нь Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээр хойд хөршөөсөө хараат байдлаасаа ангижрах бодлого барих ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, спикер хоёр гүйцэтгэх засаглалын тэргүүний эсрэг буюу Дорнодын сав газраас олборлож буй нефтэд түшиглэж боловсруулах үйлдвэрээ зүүн бүст барих санал гаргасан гэнэ. ҮАБЗ-ийн хурал эцэстээ ямар шийдвэрт хүрч дууссаныг мэдэхгүй юм. Гэхдээ л төрийн гурван өндөрлөг газрын тосны бүтээгдэхүүнээ хэрхэн ашиглах тал дээр тархиа гашилгаж эхэлсэн нь сайн хэрэг боллоо. Сүүлийн 20 гаруй жил эзэнгүй мэт байсан энэ салбарт хөл хөдөлгөөн ажиглагдаж эхэлсэн хэрэг. Гэхдээ ҮАБЗ-ийн гурван гишүүн дотооддоо олборлосон газрын тосоо нэрж бензин болгох тал дээр байр сууриа нэгтгэж чадаагүй нь харамсалтай санагдлаа.
Ялангуяа нефтийн бүтээгдэхүүний салбар бол Монгол Улсын хувьд эмзэг, хөндүүр цэг нь. Цаашилбал, үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал. Жишээ нь, Эрчим хүчний аюулгүй байдал гэдэгт стратегийн бүтээгдэхүүн болох бензин, шатахуунаар хөршүүдээсээ хараат бус болох, мөн эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ бүрэн хангадаг байх шаардлага багтана. Тиймээс л ОХУ, Саудын Араб зэрэг улсууд газрын тосонд тулгуурласан гадаад бодлого явуулдаг нь нууц биш. Тухайлбал, энэ давуу талаа ашиглаж бусад улсад улс төр, эдийн засгийн нөлөөллөө тогтоох бодлого хэрэгжүүлдэг гэвэл хилсдэхгүй. Үүний л нэг “бай” нь Монгол шүү дээ. Тэгвэл газрын тосны нөөц, эх үүсвэргүй орнууд үүний эсрэг ямар арга хэмжээ авдгийг сонирхоё л доо. Жишээ нь, Өмнөд Солонгос байна. Тэд дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж, дор хаяж 3-6 сарын түүхий эдийн стратегийн нөөцийг бүрдүүлэхээс гадна гаднын улсуудын газрын тос, байгалийн хийн ордуудад хөрөнгө хаяж, хувь эзэмшил тогтоох замаар түүхий эдийн эх үүсвэрийн аюулгүй байдлаа бэхжүүлэх бодлого барих болов.
Харин манай улсын хувьд газрын тосны үйлдвэрлэлийн нөөцөө тогтоож, олборлогч орон болсноо дэлхий дахинд зарлаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Гээд дотооддоо олборлосон тосоо боловсруулахын оронд түүхийгээр нь экспортолсоор байна. Уг нь Тамсагийн сав газрын газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөц 333 сая тонн. Энэхүү баталгаат нөөцөөс байгалийн горимоор олборлож болох ашиглалтын зэрэглэлийн нөөц нь 36 сая тонн. Энэ нөөц 1,5-2 дахин нэмэгдэх ч боломжтой гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа.Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд 1-2 сая тонн түүхий тосыг 30-60 жилийн хугацаанд дотооддоо олборлох боломжтой гэсэн үг.Түүнчлэн Дорноговийн сав газарт орших Цагаан элсний ордод баталгаат зэрэглэлийн 7.9 сая тонн, энэхүү баталгаат нөөцөөс байгалийн горимоор ашиглаж болох ашиглалтын зэрэглэлийн нөөц хоёр сая тонн орчим гэсэн мэдээлэл бий. Цаашдаа Матад-ХХ, Галба-XI болон хайгуулын бусадталбайд нөөц тогтоогдох магадлал өндөр байгаа.
Биднийг ийнхүү цаасан дээр тоо бодож суух зуур манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр өнгөрсөн онд нэг сая тонныг давсан гэсэн статистик мэдээлэл гарчээ. Энэ хэрэглээ цаашид хурдацтай өсөж ирэх 10 жилд 2-3 сая тн болно гэсэн тооцоолол ч гараад байгаа юм.
Гэтэл энэ баялгаа дотооддоо ашиглаж, эрчим хүчний хараат байдлаасаа гарахын оронд “Тамсагаас Хятад руу дамжуулах хоолой татаж, монголын тосыг зөөнө” хэмээн асуудал хариуцсан дарга нар нь мэдэгдэх боллоо. Энэ нь манай улсын жижиг эдийн засгийг сууриар нь савлуулж байдаг бензин шатахуунаа хэзээ ч дотоод нөөцдөө тулгуурлаж үйлдвэрлэхгүй. Харин ч хоёр хөршийн улс төрийн араншингаас мөнхөд хараат орших бодлого баримталж байгаа гэдгээ албан ёсоор баталснаас өөрцгүй хэрэг болов.
Ийм эгзэгтэй цаг үед эрх баригчид үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ёстой стратегийн үйлдвэрлэлийн объектоо хаана ямар байршилд, хэний хөрөнгөөр, ямар хүчин чадал, техник технологиор барих талаар маргалдаж суугаа нь харамсалтай. Уг нь газрын тос боловсруулах үйлдвэрийг урт хугацаанд найдвартай хангах түүхий эдийн эх үүсвэрийн асуудлыг шийдэх, мөн боловсруулах үйлдвэрийг тойрсон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ёстой түүхий эдийн нөөцийн агуулах, төмөр зам, авто зам, дамжуулах хоолойн болон эрчим хүчний шугам сүлжээ гэх зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтцийг цогцоор нь шийдэх, нарийн мэргэжлийнчадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг л асуудлуудыг алсын хараатайгаар шийдэж байх ёстой цаг нь баймаар. Үндэснийхээ газрын тосоор үйлдвэр байгуулах тухай ҮАБЗ-ийн шийдвэр гарсаар байтал 80 жил хараат байсан Оросын газрын тосоор Дарханд боловсруулах үйлдвэр байгуулахаар зүтгэж байгаа Ерөнхий сайдыгаа юу гэж бодох билээ. Ямар ч тохиолдолд монголчууд өөрсдийнхөө газар нутгаас олборлосон өөрсдийнхаа газрын тосоор нэрсэн бензин хэрэглэхийг илүүд үзнэ шүү дээ. Тэгээд ч гаднын хараат байдлаасаа бага ч гэсэн гарахыг эрмэлзэх хэрэгтэй.
1990-ээд оны эхээр манай нэг улстөрч Тайванд айлчлах үеэр тэндхийн нэртэй эрдэмтэн, Чан Кай Шигийн зөвлөх асан Хаганчулуу гэдэг хүн “Хүү минь Москва, Бээжин хоёр олон жил Монголын хувьд барьж ирсэн нэг бодлого байдаг. Тэр нь Монголыг хөгжүүлж болохгүй, Улаан-Үүд, Хөх хотод хүрэхээргүй хэмжээнд барьж байх ёстой гэж. Тэр нь орос, хятадууд монголчуудад дургүйдээ бус, хэрвээ Монгол Улс Хонг-Конг, Тайвань шиг өндөр хөгжвөл Монголыг тойрсон эсгий туургатан субъектүүдийн хувьд төвийн татах хүчин нь Москва, Бээжин бус, Улаанбаатар болж хувирна. Энэ нь ОХУ, БНХАУ-ын хувьд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд шууд нөлөөлөх магадлалтай. Үүнийг шинэ Монголын залуу улстөрчид та нар байнга санаж байх нь зүйтэй юм шүү” гэсэн гэдэг. Харийн хүн л хэлсэн болохоос үнэн үг байх. Бид дотооддодд нөөц бололцоогоо ашиглаад бензин үйлдвэрлэх нь хэнд ашигтай байх вэ. Мэдээж бидэнд өөрсдөд минь л ашигтай. Харин хэнд ашигүй байх бол. Монгол Улсыг хөгжихийг хүсдэггүй хүмүүст л ашиггүй байх.
Х.Түвшинтөгс
Сэтгэгдэл ( 3 )
Дотооддоо үилдвэрлэх хэрэгтэи.Их дундбага ямарч хэмжээгээр үилдвэрэлдэг тоног төхөөрөмж баидаг гээбиз дээ
Дотооддоо үилдвэрлэх хэрэгтэи.Их дундбага ямарч хэмжээгээр үилдвэрэлдэг тоног төхөөрөмж баидаг гээбиз дээ
Орос Хятад -н газар нутгийн буран байдалд нолоолох нь ч юу юм. Гэх дээ л санаж явахад илуудэхгуй л байх. Манай еронхийлогч сайдын хийж байгаа уйлдлийг харахад энэ улсын эсрэг л явахад байх шиг. Ашигын сонирхолтой улсын орийг надад хараагуй гэсэн байдлаар нэмсэн. Авсан зээлээ тооцоо судалгаагуй зарцуулсан гэх мэт. Уг нь юм хийж байгаа нь сайшаалтай боловч дандаа давхар суйруулэх бодрого бариад байх шиг свнагдах юм. Хэзээ энэ их орийг толох гэж газар нутгаа булаалгах юм буу мэд. Туруучээс нь газраа огород эхэлсэн (дорнот халх гол)