Бүтэн байхын учир буюу битүүлэх ёсон

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 30

Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг уламжлалтай. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг юм. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий. Энэ  үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний оро наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.

 

Заншил ёсоор  битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү тавина. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлэгшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.

Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлэж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь тэмээ уралдуулж тоглох  нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндлэж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.

Монгол наадгай “Алаг мэлхий” өрөх ёсон

Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн брдбг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.

Яст мэлхийн эрхтэн

Давсан 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сvvл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.


Алаг мэлхий тоглох журам
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

Түүнчлэн битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьдаг байна. Мөн идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөн, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.

 




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top