Ер нь уг үндэс, шалтгааныг нь дутуу харж хийсэн аливаа ажил хэлбэрийн хувьд нийтэд хүрлээ ч, агуулгын хувьд араасаа асуудал дагуулж байдаг. Нэг ёсондоо сэдэж хийж л байгаа бол, зөв өнцгийг нь барьж хийх нь зүйтэй л гэсэн үг л дээ. Үүнийг эхэлж өгүүлэхийн учир нь өнгөрөгч хоёр өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан “McDonalds Монголд ирлээ” гэх мэдээллийг Монгол HD телевизийн зүгээс зохион байгуулалттайгаар хэвлэлүүдээр тараасан нь тодорхой болоод байгаа. Хаанаас нь ч харж, авч үзсэн зар сурталчилгааны агуулгатай энэхүү мэдээллийг тэд тараах болсон үндэслэл шалтгаан нь Монголын хараат бус сэтгүүл зүйн төлөвшлийн төлөөх үйлдэл гэж үзэж байгаа юм билээ. Сэтгүүл зүйн салбарынхаа төлөөх тэдний сэтгэл зовинол болоод үүнийгээ ажил хэрэг болгох гэж үйлдэл хийж байгаа нь сайн хэрэг. Бид дотроосоо цэвэрших нь хамгийн зөв эхлэл байж болно. Энэ талаар бид дотооддоо ярихгүй биш ярьж ирсэн. Хууль эрхзүйн орчны хувьд бид ямар тээг саад байгаа талаараа, тэрнээс өмнө өөрсдийн дотоод дахь бугширсан асуудлууд юу байна вэ гэдгээ ярьдаг. Гарц эвээ аятайхан шиг олох талаар ч хаа хаанаа зөвлөлдөж буй.
Тэр үүднээс Монгол HD телевизийнхний шуурхайлсан үйлдлийг ойлгож үзэж болохоор. Гэхдээ тэд Монгол улсад хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх нэг үндэс нь арилжааны хэвлэл мэдээллийн оршин байх боломж гэдгийг огтоос мэдэхгүй мэт үйлдлийг хийлээ. Ингэж хэлэхийн учир нь тэдний зүгээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ шалгаж, шалгалтад унагааж, идээ бээрийг нь илчилсэн мэтээр хэлж яриад байгаа үйлдлээ гүйцэлдүүлэхдээ сонгосон мэдээ нь зар сурталчилгааны чанартай байв. Ийм мэдээлэл тухайн байгууллагын маркетингийн албаар эхэлж орж, улмаар редакцийн босгоор давж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгддэг нь үнэн. Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуульд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага захиалагчийн сурталчилгааны мэдээлэл үнэн бодит эсэхийг нягтлах эрхтэй талаар заасан байдаг ч, нягтлах үүрэгтэй, нягтлаагүй тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж заагаагүй байдаг гэдгийг хэлэх нь зөв болов уу.
МҮОНТ-ээс бусад нь арилжааны гэх тодотголтой хувийн гэх статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд, тэд төрөөс, төсвөөс мөнгө төгрөг авч үйл ажиллагаагаа явуулдаггүйн хувьд ч тэр бизнесийн агуулгатай зар сурталчилгааны чанартай мэдээллүүдийг нийтэлж, нэвтрүүлдэг. Тэгж орж ирсэн мөнгө нь тухайн редакцийн хувьд нийтлэлийн бодлогоороо улстөрийн нам хүчин юм уу, эрх баригчдын дарамт шахалтын дор амь тэмцэхгүй байх боломжийг олгоход чиглэгддэг юм. Гэтэл Монгол HD телевиз нийгмийн төлөө оюунаа чилээдэг салбарынхныхаа энэхүү нийтлэг эрх ашгийг хэт эндүү харж, буруу тодорхойлж нийгэмд хүргэлээ гэж үзэж байна.
Хэрэв тэд улстөрийн чанартай, магадгүй хэн нэг хүний нэр хүндэд шууд халдсан, эсхүл аль нэг бизнесийн байгууллагаас нөгөө нэг байгууллага руу гаа илтэд дайрсан гэхчлэн тэс өөр агуулгатай мэдээг сонгож тийнхүү хэвлэлүүдээр тарааж байршуулж чадсаныхаа дараа ингэж ярьсан бол өөр хэрэг. Мөнгөний төлөө худалдагдсан сэтгүүлзүйн тод жишээг харууллаа гээд дэмжиж дуугарах байв. Гэтэл тэд тэгсэнгүй. Олон улс даяар сүлжээтэй McDonalds Монголд үүдээ нээх болсон тухай сурталчилгааны мэдээллийг тухайн байгууллагын дотоодод мөрдөгдөж байгаа реклам сурталчилгааны тарифын дагуу нийтлүүлчихээд, энэхүү мэдээллийн үнэн худлыг дэнслэх чадваргүй редакциуд байна гэж тунхаглав.
Уучлаарай, Монголын хэвлэл мэдээллийн зах зээл асар том биш ч гэлээ, тэдгээрт хандаж мэдээ нийтлэлээ байршуулдаг бизнесийн байгууллага, хувь хүмүүс цөөнгүй. Гол нь бизнесийн ёс зүй, чөлөөт өрсөлдөөний зарчимаа барьж чаддаг хувийн хэвшлийнхэн өөрсдийн үйл ажиллагаа, бизнесээ сурталчилахдаа илтэд хэн нэгнийг гутаан доромжилсон, улмаар мэдээллээ дамжуулж байгаа хэвлэл мэдээллийн редакцийн нийтлэлийн бодлогыг хөл доороо дэвсэлсэн үйлдлийг хийгээд байдаггүй гэдэгт итгэдэг. Тэр ч үүднээсээ болоод олон улсад нийтлэг мөрдөгддөг зарчим талаасаа ч хэвлэл мэдээллийн редакц нь зар сурталчилгаа хэлбэрээр орж ирж байгаа бүх мэдээллийн араас эрэн сурвалжилж явдаггүй.
За харин МҮОНТ гэх байгууллагын хувьд түрүүн хэлсэнчлэн ард түмний татварын мөнгөөр уран бүтээлчид, ажилтнууд нь цалинждаг газар бол нөхцөл байдал өөр. Тэд мэдээ мэдээлэл бэлтгэж нийгэмд үйлчилж байгаа ажилтнуудынхаа, хүн капиталуудынхаа цалин хөлсийг хэрхэн тавих вэ гэж санаа зовох асуудал бага. Тиймээс ч арилжааны чиглэлээр орж ирж байгаа зар сурталчилгаагүй бол тэд таг суучихгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр Монгол HD телевизийнхний туршилтын үр дүнгээс харахад МҮОНТ гэдэг газар төрөөс авдаг хэрнээ, хэсэг бусгаараа нийлж хуйвалдан ийм маягаар мөнгө олж хувьдаа завшицгаадаг байж болох юм. Тиймээс тус байгууллагыг шалгахад гэмгүй болов уу.
Төгсгөлд нь, тодотгон хэлэхэд УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол улсад хараат бус сэтгүүл зүй хөгжинө гэвэл арилжааны хэвлэл мэдээллийн оршин байх боломжийг батлан дэмжих ёстой. Хэвлэл мэдээлэл арилжааны утгаараа оршин байх боломжтой, хөрөнгө оруулагч тэндээс эдийн засгийн ашиг хүртдэг болсон тохиолдолд улс төрөөс хамаатай захиалгат сэтгүүл зүй хөгжих үндэс суурь багасна гэж ойлгож байна. Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх зүйг хөндсөн зохицуулалт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд байж болохгүй. Тэр бол хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх юм.” хэмээн хэлж байсныг хүргэмээр байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )