“Хэн ч үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй л юм бол, мэдээллийн технологи гэдэг чинь тэр эрх, эрх чөлөөгөө илэрхийлэх талбар нь юм. Хүний биеэр бол судас нь. Хамгийн гол нь тэр судсаар ямар цус гүйх юм бэ. Тэр шугам хоолойгоор ямар ус урсгах юм бэ гэдэг бол фэйсбүүк, твиттер, блог эрхэлж байгаа, сайт ажиллуулж байгаа хүмүүсийн менежмэнт, ур чадварын чөлөөт өрсөлдөөн. Цахим медиа талбарт ялгаварлал маш бага, хэнд ч нээлттэй. Хэн ч ороод үзэл бодлоо илэрхийлэх, хэн ч, хэчнээн ч мянган хүнийг лайк хийлгүүлж, дагуулах, хэн ч, хэчнээн ч мянган хүнд амьдралд нь хэрэгтэй, магадгүй хувь заяаг нь өөрчилчихөөр алт шиг үнэ цэнэтэй үг хэллэг, баримт сэлт түгээх боломжтой индэр учраас дугаарын хязгаарлалт үгүй.” хэмээн нийтлэлч Д.Болдхуяг хэлнэ лээ. “Online Media Awards 2013” арга хэмжээтэй холбоотойгоор онлайн салбараа бүтнээр харах үүднээс түүнтэй ярилцаж байхад тэр ийн хэлсэн юм.
Түүнчлэн энэ арга хэмжээний нийгэмд үзүүлэх ач холбогдол, хүргэх үр дүн, үр өгөөж ач тус нь өндөр, шалгуур, шүүлтүүр процесс үйл ажиллагаа нь ардчилсан, ил тод нээлттэй бөгөөд нэг нь нөгөөдөө зүгээр л шилдэг гэх өргөмжлөл гардуулж байгаа зүйл биш. Ард түмэнтэйгээ хамт, дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр “Том төрөөс ухаалаг төр лүү” алхах тэр том зорилгыг өөртөө шингээгээд, редакцуудын хүрээнээс хальж гараад, мэддэг зүйл, үзэл бодлоо ард иргэдтэйгээ хуваалцаж, нийгмийнхээ сайн сайхны төлөө гэрэл тусгаж хэн бүхэн оролцох, бас эс оролцох эрх чөлөөтэй ажил гэдгийг ч хэлээд байгаа юм. Мэдээж интернэт бол ухаалаг төрд хүргэх өртөө гэдгийг одоо маргах шаардлагагүй болов уу. Тэрчлэн “Online Media Awards 2013” гэрэл гэгээ тусгагчдыг л нэрлэнэ. Түмэн олондоо үйлчлэх үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлж байгаа төрийн байгууллагуудыг ч гэсэн үнэлж цэгнэх арга хэмжээ юм.
Нэгэнтээ онлайнд суурилсан сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйн хавсарсан давалгаа дэлхийгээс Монгол руу хүч түрэн орж ирээд тодорхой хугацааг өнгөрөөж, хэн хүний амьдралын салшгүй хэсэг болчихоод байгаа учраас бид энэ салбартаа дөрөөлөн нийгэмдээ гэрэл гэгээ нэмж тусгаж илүү тодоор харах боломж бий. Тиймээс ч “Online Media Awards 2013”-ыг Монголд анх удаа зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )