Улаанбаатар руу ниссэн онгоцны массын даралт унаснаас болж замдаа буусан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

A-Jet Лимитед” компанийн нисдэг тэрэг өчигдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатарын чиглэлд нисч яваад ослын буулт хийжээ. “ЕС-145” маркийн нисдэг тэргэнд хоёр нисгэгчээс гадна таван хүн зорчиж байсан байна. Нисдэг тэрэг юуны учир ослын буулт хийх болсон талаар ИНЕГ-ын харьяа Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын  газрын дарга н.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-“A-Jet лимитед” компанийн нисдэг тэрэг юуны учир ослын буулт хийх болов?

-Өчигдрийн хувьд “A-Jet лимитед” компанийн “ЕС-145” маркийн нисдэг тэрэг Говьсүмбэр аймгаас Улаанбаатар руу ирж байхад массын даралт нь унасан байна. Тиймээс даралт унасан шалтгааныг тодруулахаар нислэгээ зогсоож, буусан байгаа юм. Нисэх багийнхан онгоцондоо үзлэг хийж, даралт унасан шалтгааныг магадлахаар буусан тухайгаа Улаанбаатар руу мэдээлж, Зам тээврийн яамны харьяа Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны мэргэжилтнүүд очиж газар дээр нь үзлэг хийсэн. Шалгалтаар онгоцны шатахууны савны жийргэвч резинийг солих шаардлагатай нь тогтоогдсон тул нислэгийг завсарлуулсан. Үүнийг ослын буулт гэж нэрлэх нь оновчтой биш.

-Нисдэг тэрэг Улаанбаатарт ирээгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Тэнд нь үлдээсэн. Жийргэвчийг сольж байж наашаа нисгэх болно.

-“A-Jet”-ийнхэн ямар зорилгоор Говьсүмбэр рүү ниссэн юм бол. Зорчигчид нь яасан бэ?


-Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхээр Говьсүмбэр рүү ниссэн юм билээ. Зорчигчдыг өөр унаагаар Улаанбаатарт авчирсан гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top