976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байгаа аж. Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Легер, Отто Пиен, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх гэнэ. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 17-оос 2014 оны нэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд төлбөртэй үзвэр зохион байгуулаж.
Эдгээр уран бүтээлүүд нь Германы иргэн, Доктор Гуннар Энгхусений цуглуулгын дээжис юм. Доктор Энгхусен нь 1970-аад оноос эхлэн орчин үеийн урлагийн бүтээлүүд цуглуулсан бөгөөд А.Р.Пенк, Петер Маколис зэрэг нэр хүндтэй, олон уран бүтээлчдийн дотнын нөхөр, Германы Урлагийн Их Сургуулийг Дэмжих Нийгэмлэгийн гишүүн, 2005 он хүртэл Германы томоохон банкны удирдах зөвлөлийн гишүүн байсан хүн юм байна. Тэрээр Германы томоохон цуглуулагчдын тоонд зүй ёсоор багтдаг аж.
Бар зураг нь Дорнод манай эриний VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, гаргаснаа цаасан дээр буулгадаг. Тус үзэсгэлэнд гол төлөв etching буюу металыг хүчлээр идүүлэн, хээ, дүрс гаргах болон чулуун барын аргаар гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэх юм байна

Сэтгэгдэл ( 0 )