Өнгөрсөн жил Гэмтэл, согог судлалын үндэсний төвд түлэгдсэн 1200 гаруй хүн хандсан байна. Үүний 850 орчим тохиолдол буюу 69 хувь нь зөвхөн 0-4 насны хүүхдүүд гэнэ. Ийнхүү бага насны хүүхдийн түлэгдэлт их байгаа шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул байдагтай холбоотой аж. Хүүхдийн түлэгдэлтэд юу нөлөөлөөд байгааг судалж үзэхэд нэгдүгээрт, гэр доторхи зан үйл нөлөөлж байна. Тухайлбал, ээж нь хүүхдээ хөхүүлж байхдаа хоолоо идэх, хоолоо хийж байхдаа хүүхдээ дэргэдээ байлгах. Мөн гэрт амьдардаг иргэд халуун тогоотой хоол цайгаа газар тавих, дөнгөж хөлд орж буй хүүхдүүд халуун зуух руу унаж ихээр түлэгдэж байна.
Мөн халуун тогоог гэр хорооллынхон ихээр хэрэглэж байгаа нь хүүхдийг түлэх бас нэгэн эрсдэл болж байгаа аж. Хятад тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн нас барах магадлал өндөр гэнэ. Тус тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол, цай хийдэг. Тус тогооны таг нимгэн болохоор хоол, цай дэврэхэд түлэгдэх аюул өндөр байдаг гэнэ. Ер нь цахилгаан хэрэгслийн тоо олон болох тусам хүүхдийн түлэгдэлт нэмэгддэг талаар эмнэлгийн эмч, сувилагчид анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )