Хүнсний аюулгүй байдалд засгийн газраас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Хүнсчид хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдаа үйлчилгээнд тавигдаж байгаа шаардлагын талаар ярилцахаар өнөөдөр “Хангарьд” ордонд уулзалт, семинар хийж байна.

Тухайлбал, энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн үзэл баримтлал, хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах шатанд гарч буй хүндрэлийн талаар ярилцаж байгаа юм. Эрүүл хүнс хэрэглэх, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан борлуулах дадалд хууль эрх зүйн орчин зайлшгүй нөлөөлөх учиртай талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны албаныхан үзэж байна.

Хуулиар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, хэрэглэгч нарын эрх, үүргийг тусад нь зааж өгсөн бөгөөд хамгийн гол нь хувь хүмүүс хүнсний бараа импортлохыг хориглосон юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнийг хэн дуртай нь худалдахыг хориглож, хариуцлагажуулах үүднээс зөвхөн хуулийн этгээд буюу компаниудад эрхийг өгсөн. Энэ талаар өнөөдөр хүнсчид ярилцахдаа хуулийн уг зохицуулалт зөв гэдгийг онцлоод цөөн хэдэн Монгол дахь гэрээт борлуулагч компаниудаас импортын бараагаа татах нь төлбөр тооцоо, чанарын баталгаанд амар байдгийг хэлсэн юм. Мөн Монголд худалдааны тухай тусдаа хууль байдаггүйгээс хүнсний бараа, бүтээгдэхүүн замаасаа үнийн хөөсрөлтэй болж хэрэглэгчийн гарт хүрч буй ажээ. Тиймээс Худалдааны тухай хуулийг гаргаж, Хүнсний тухай хуультай уялдуулах хэрэгтэй байгааг энэ үеэр анхааруулж байлаа. Ялангуяа малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид ченжийн дамжлагыг халахад төр, засгаас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top