Ч.Ганхуяг сайд хуулийн төслөө эргүүлэн татлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч хуулийн төслөө эргүүлэн татлаа. Хууль санаачлагч Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Хуулийн төслүүд дээр эргэж харах асуудал байна. Тиймээс хуулийн төслөө эргүүлэн татаж, энэ бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үүний дараа ирэх долоо хоногт байнгын хороогоор дахин оруулж ирнэ" гэсэн санал гаргаснаар Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  Газрын тосны тухай хуулийншинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслүүдийн гол үзэл санаа газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орон нутагт төвлөрүүлэхээр хувь, түүнийг сум орон нутагт хэрхэн хуваарилан хүргэхийг онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top