Хязгаарлахаас өөр гарц байхгүй гэж үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 24

Олон зам засвартай байгаагийн дээр хичээлийн шинэ жил эхлэх гээд..  Үүнээс үүдээд үлэмж ихээр нэмэгдэх гээд байгаа нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд өнөөдрөөс эхлээд  нөгөөх дугаарын хязгаарлалтыг хийж байна. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг найман хоногийн хугацаанд мөрдөх бөгөөд энэ хооронд иргэддээ троллейбусны үйлчилгээг үнэгүй хүргэнэ гэх гоё үгсийг дарга нар хэлсэн. Тэгвэл Улаанбаатарчуудад нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 30 гаруй л троллейбус бий. Харин цаана нь их багтаамжийн  900-аад автобус байдаг гэдгийг энд зориуд тодотгомоор байна. Хэрэв хэд хэдэн хүчин зүйлийн улмаас нэмэгдэх гээд байгаа  замын хөдөлгөөнийг дугаарын хязгаарлалт хийж зохицуулахаас өөр аргагүй юм бол, мөн олон иргэдээ машингүй алхуулсандаа гэмшиж нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, харж үзэх гээд байгаа юм бол заавал цахилгаанаар явдаг, хаа таарсан газар таг зогсчихдог, үйлчлүүлэхэд чамгүй хүндрэл дагуулдаг хэдхэн троллейбусыг үнэгүй явуулаад ямар ач холбогдолтой гэж?

                                Толгойгоо “илүүлсэн”  троллейбус шийдэл мөн үү?

Хязгаарлалтад хамрагдаж бухимдсан нийслэлчүүд тэр хэдхэн троллейбусанд суугаад ажил, амьдралаа зохицуулчихна гэж үү.. Үүнд үгүй гэдгийг хариултыг өгөхөд буруудсан болохгүй биз. Чухам яагаад гэдгийг өгүүлэхийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээний талаар хэлэх үг байна. Уг нь улс орны хөгжлийг эдийн засагчдын амнаасаа унагадаг хэдэн тооноос бус илүү энгийн зүйлээс, тодруулбал  нийтийн тээврийн салбарынх нь  хөгжлөөс харж болдог гэдэг. Тухайн улс орон хөгжиж л байгаа юм бол нийтийн тээврийн үйлчилгээ нь  чанартай, хүртээмжтэй, түүгээр зорчиж байгаа иргэд нь амар жимэр, аюулгүй байдаг байх нь. Гэтэл манай тухайд зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 гаруй жилд хөгжлийн тухай онол олонтаа ярьснаас бус хөгжлийг илтгэх чухал зүйлүүддээ, иргэдээ ая тухтай амьдрахад онцгой үүрэгтэй салбаруудаа зөв залж чадаагүй юм. Чадаагүй гэдгийг нь бид өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн салбарын болж бүтэхгүй бүхнийг ярьсаар байгаагаас харж болж байна.

Тэрчлэн төрийн зүгээс нийтийн тээврийн салбартаа ийм үлгэн, салган, алагчлангуй байдлаар ханддагаа болих ёстой юм. Уг нь хувийн хэвшил давамгайлсан энэ салбарт  төрийн өмчит гэх Автобус I, III Цахилгаан тээвэр гэх гуравхан компани бий. Энэ салбар дахь ихэнхи компани тарифийн зөрүүнээс хамаарч алдагдалтай ажилладаг. Харин  төрийн өмчит  компаниуд төрөөс олгох нөхөн олговрын багагүй хувийг авч, өр зээлээ даруулсаар ирсний дотор жин дарах их мөнгөөр харж хандуулж ирсэн нь “Цахилгаан тээвэр” компани. Ямартаа л нөхөн олговор байдлаар энэ салбарын 24 компанийн хуваан хүртдэг 46 тэрбум төгрөгийн дийлэнх хувь нь ганц “Цахилгаан тээвэр”-т очдог  нь хэдийнэ ил болсон зүйл. Троллейбус нь тээвэрлэх тарифаа 300 төгрөгөөр тогтоосон хэрнээ улсаас  нөхөн олговор авахдаа 400 төгрөгөөр тооцож авдаг нь ч ил болсон зүйл. Энэ нь хууль зөрчсөн зүйл мөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд “Цахилгаан тээвэр” гэж үр ашиг муутай компанийг төр урагш нь чирээд л явж байна.

Гэхдээ одоо хаа хаанаа хамгийн зөв шийдэл юу байна вэ гэдэгт анхаарах цаг гэдгийг хэлэх нь зөв болов уу. Ер нь олон улсын жишгүүдийг харж байхад замын түгжрэлийг шийдэх нэг чухал гарц нь нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг иргэддээ олгосонд байдаг аж. Хэрэв иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчиж байгаа бол эдийн засгийн хувьд илүү ачаалал үүсгэсэн автомашиныг сонгож замын түгжрэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь багасдаг байна. Тухайлбал, Эстонийн нийслэл Таллин хот замын түгжрэлийг бууруулахын тулд иргэдийнхээ ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээгээ үнэгүй болгосон байдаг. Тэгснээр  эдийн засгийн хэмнэлт гаргасны сацуу иргэдийнхээ сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэж чадсан байна. Ямартаа л Нью-Йорк хотын захирагч Майкл Блүүмбэрг Таллин хотод гарсан  үр дүнг магтсан байдаг. Тэгэхээр бид бүхэн бусдын асуудлаа шийдвэрлэж чадсан шийдлүүдийг мэдсээр байж өөрсдөө намаг балчигтаа байсаар байх нь буруу биш гэж үү? Ингэж хэлэхээр бид яавал зөв бол гэдэг асуулт хэн хүнд гарч ирэх биз.

Тэгвэл “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” –ноос яриад байдаг Метро зураглалыг туршаад үзэх эхлэлийг энэ хугацаанд тавьж үзэж яагаад болохгүй гэж.

                                         Түгжрэлгүй замаар, үнэгүй зорчиж болох уу?

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 240 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдогоос 900 гаруй нь том оврын автобус. Түүнчлэн харьцангуй хол чиглэлд тээвэрлэлт хийдэг автобусууд замын түгжрэл үүсгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Тэгвэл энэ салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй болгож,нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг том оврын автобусыг богино эргэлттэй болгож, шугамандаа 2-3 минутын зайтай үйлчлэх нөхцлийг бүрдүүлчихвэл нийслэл том асуудлаа шийдэж чадна гээд байгаа юм. Түрүүн өгүүлсэнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, газар дээрх метро зураглалаар  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломж манайд бий гэдгийг ч хэлж байна. Тодруулбал, нийтийн тээврийн том оврын автобуснуудыг өнгөөр ялгаж богино шугамдаа 2-3 минутын зайтай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой аж. Жишээ нь, Толгойтоос –Сүхбаатарын талбай орох иргэн шугамын дагуух автобусаар гурав дамжаад зорьсон газартаа ирэхийг хэлж байгаа. Сүхбаатарын талбай руу олон чиглэлээс  олон автобус зэрэг орж ирдэг нь түгжрэл үүсгэж байгаа. Тэгвэл энэ чиглэл рүү хаа байсан Толгойтоос эсвэл Ханын материалаас зорьж ирж байгаа автобусыг болиулж, автобусны эргэлтийг богиносговол автобус бүр Сүхбаатарын талбай руу зүтгэж, түгжрэл үүсгэхгүй. Харин иргэд гурав дахь маршрутын автобусанд суун, түгжрэлгүй замаар, үнэ төлөлгүйгээр зорьсон газраа ирэх боломжтой.

Мэдээж ийм нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрөөс нийтийн тээврийн салбартаа өөрчлөлтийг хийх хэрэгтэй болох юм. Тодорхой хэлбэл, нийтийн тээврийн салбарт жилд 120 тэрбум төгрөгийг зарцуулснаар боломж бүрдэнэ гэсэн тооцоолол байгаа аж. Ер нь бол улсын төсвөөс энэ мөнгөний бараг талтай нь тэнцэх хэмжээний хөрөнгө болох 54 тэрбум төгрөгийг  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг үнэгүй тээвэрлэсний нөхөн төлбөрт зориулж гаргаж ирсэн байдаг. Тэгээд зогсохгүй, нөгөөх Автобус I, III Цахилгаан тээвэр гэх төрийн өмчийн гурван компан татаас тогтмол авч ирсэн байгаа. Тэгэхээр ингэж зарцуулдаг хөрөнгө мөнгөө нийлүүлээд, дээр нь төсвөөсөө тодорхой хэсгийг нь илүүчлээд нийтийн тээврийн салбартаа оруулснаар нийт иргэдээ үнэгүй зорчих боломжоор хангахын сацуу нийслэлийн замын түгжрэлийг арилгах боломж байна гэдгийг л мэргэжилтнүүд хэлээд байна. Ер нь манай тухайд хийхээсээ илүү ярьдаг жишиг ноёрхоод дэндүү удаж байгаа. Нэгэнтээ асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц үгүй тохиолдолд бид юуг хүлээх ёстой гэж?

Б.Итгэлт 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
car(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

boloh talaac ni agillaad useed baigaa um bich uu saigui boltol baichingaar gasraa duurgezihcen sam ni nariihan bolohoor jajtai chuumgleed baigaa nehduud chineer canaazlaga gargag bolno ch uu dee negniigee neg um hiiheer baahan chuumgilcen amitad baih um

1  |  0
jolooch(202.131.234.194) 2025 оны 03 сарын 13

taxinii mungunii nuhun olgovor haanas avah ve dans ruu hiih yum uu bat-uulee

1  |  0
irgen(103.11.195.153) 2025 оны 03 сарын 13

AN hynii erh zurchij huchirhiilehees uur yu hj chaddag uum buu med

1  |  0
zochin(202.126.89.191) 2025 оны 03 сарын 13

dandaa ene bolohgyi geed baival yaj ajil byteh be 8 odoriin 4 odor ni tygjirehgyi yavna boloh bailgyi dee davaraad baih yum torleibusaar yavahaar yagaad baigaa

1  |  0
Top