Таван дүүргийн Улсын бүртгэлийн газар ажиллахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Энэ Пүрэв, Баасан гарагт Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх  дүүргүүд иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээ түр үзүүлэхгүй болсныг мэдэгдлээ. Учир нь архивч, улсын бүртгэгч нарыг хамруулсан эд хөрөнгийн цахим бүртгэлийн систем, хэрэглэгчийн сургалтыг энэ сарын 18-аас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион явуулах гэж байгаа юм байна.

Эхний ээлжийн сургалт  энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд эхлэх бөгөөд төсөл хэрэгжиж байгаа  нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх  дүүргүүд хамрагдах аж. Иймээс эдгээр дүүргүүд энэ Пүрэв, Баасан гарагуудад иргэдэд үйлчлэхгүй юм байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл хамтран эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан суурьт эх баримтуудыг цахимжуулах ажлыг 8 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл архивыг цахимжуулах ажлын гүйцэтгэл улсын хэмжээнд одоогийн байдлаар 50 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд орон нутаг Ховд, Хэнтий, Өвөрхангай, Завхан, нийслэлийн Сүхбаатар, Багануур, Багахангай дүүргүүдэд цахимжуулах ажил бүрэн дуусчээ. Тус газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг цахимжуулах програм хангамж, шинэ систем суурилуулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Үүнтэй холбогдуулан дээрх сургалтыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top