ЕБС-ийн сурагчид ижил загварын дүрэмт хувцас өмсөхөөр боллоо. Харин бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэх юм байна.
Бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан кардиганаар ижилсэх аж. Бага ангийн хүүхдүүдийн цагаан цамцны ханцуй, зах амархан хиртэж, толбо үүсдэг. Тийм учраас шинэ загварын хувцсыг хийхдээ зах болон ханцуйны дотор талд өөр өнгийн даавуугаар оруулга хийж өгчээ. Мөн цагаан цамцны гадуур өмсөх ноосон цамцны тохой амархан урагдахаас сэргийлж хамгаалалт хийж өгсөн байна.
Дунд ангийн хөвгүүд хүрэм, өмд өмсөх бол нэмэлт хувцсанд нь ноосон майк, цамц оржээ. Харин охид жакет, юбка, майк, цагаан цамц өмсөнө. Зарим өндөр охидод юбка нь богинодвол доод талыг нь сул тавьж болохоор давхар оруулга хийж өгчээ. Ахлах ангийн хөвгүүд ирэх намар хар хөх өнгөтэй пиджак, саарал өмд, майк, цагаан цамцаар ижилсэх бол охид саарал юбка, хар хөх өнгийн пиджак өмсөхөөр болжээ.
Шинээр хийгдэж байгаа сурагчдын дүрэмт хувцас бүрт 2-3 жилийн баталгаа өгч ямар нэгэн асуудал гарвал үйлдвэрлэгч байгууллага нь хариуцлага үүрэх юм байна. Сурагчдын дүрэмт хувцсыг гадуур худалдаалахгүй, нэгдсэн журмаар зөвхөн сургууль дээр нь л борлуулах юм байна. Дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, анги ахих тусмаа үнэ нь нэмэгдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )