/Сэтгүүлчийн эрэгцүүлэл/
Эрхэм хүндэт уншигч тантай монгол түмний уламжлалт баяр цагаан сараа тэмдэглэх гэж буй энэ өдөр хоногуудын ачаа ачаалал дундуур тань нэгэн тооцоо хүргэх гэж сууна. Тоогоор учирлах гэж байна. Цагаан сар гээд дэлгүүр хоршоо, зах лангуу хэсэж, энд тэндэхийн хямдралын “сюрприз” бүхий гоёмсог самбар харан аз эзээ үзмээр ч санагдаад, бэлэг сэлт, бууз хуушуур, хэвийн боовыг чинь гэрт чинь оруулаад өгье гэх нь халаг өдрүүдэд бас ч жаахан бодох юм байх шиг ээ. Ийнхүү ТООЦОО” гэж биччихээд санал солилцохоор дээр үеийнхээр бол сампин, орчин цагийнхаар бол тооны машин дэргэдээ тавиад сууж байна даа.
Тооцоо олон янз аа. Жилийн эцсийн тайлан тооцоо гаргах, түлээ түлшнийхээ орцын тооцоо гаргах, дээл хувцасныхаа хэмжээ дамжаа авах, мал сүргийнхээ тоо толгойг мэдэх… Ийм олон олон тооцоо бий. Тэр бүх тооцооны дундаас нэгийг нь л онцоллоо. Та бидний хэд хоног амаа мэдэхгүй идэж, араа мэдэхгүй наргидаг “баярхалын” тооцоо. Тооцоо бүхэн эцсийн эцэст нэг л зорилготой байдаг. Сар шинийн өмнөх хэдэн өдөр хүн бүхэн тооцоо бодож, толгойгоо гашилгаж, түрийвчээ хоосолж, тэвэр тэврээр нь идэх уух идээ ундаан цуглуулж, бэл бэнчингээ харуулах гэж алт мөнгө хоргой торго, дээл малгай, хөөрөг даалин болсон олон олон тооцооныхоо ард яаж гарна даа гэж зүтгэж зүдэрч яваа таныг амсхийн суугаа үед тань энэхүү ТООЦОО-г сануулах гэсэн юм. Бид мартахдаа их амархан. Мартахаас нь өмнө хэлж өгье. Маргааш, маргаашдаа бодоцгооно буй за. Толгойгоо гашилтал, сэтгэл оюунаа ядартал тооцоо бодоод тэр тооцоон дээрээ амсхийж суугаа түмэн олон минь наашаа сууцгаа… Энэ юун тооцоо билээ…Мэдээж жилдээ нэг болдог цагаан сарын тооцоо…
Тооцоо бодохоор л урд хилийн өмнө хойшоо хараад өврөө дэлгэсэн ЭРЭЭН санаанд ороод байх юм. ЭРЭЭН гэж эрээн наймны газар. Монголчуудын бүтээн байгуулсан хилийн цаанах хамгийн том хот... Монголоос л хөрөнгө оруулалт нь хийгддэг энэ хот цагаан сар дөхөхөөр ид хөдөлгөөнд орж жинхэнэ ЭРЭЭН наймны газар гэдгээ харуулна. Тооны машинаас өөр үнэнч зэвсэггүй хөөрхий монголчууд түйрэн босгоод арилж өгнө. Эрээний эрээн бараа энэ хэдэн монголчуудын нэгэндээ өгөх хамаг бэлгийг бэлтгэж өгнө. Нэг талаар их буянтай ч юм уу...Аль эсвэл... Эргэн санаж эрэгцүүлэн бодоцгооё.
Үүний зэрэгцээ дотооддоо цэцэглэдэг тавгийн чихэр, хэвийн боов, ууц шүүс, үхрийн өвчүү, үнээний сүү, гар цайлгах бэлэг сэлт, гар эсгэм 500-т, 1000-тын дэвсгэртийн тооцоо…
Жил жилийн цагаан сар улам л бийлэгжүү аястай болж байгаа нь нэг хэсгий нь магнайг тэнийлгэж нэг хэсгий нь үрчлээг нэмж байна. Магнай нь тэнийхээс үрчлээ нь нэмэгдэх нь илүүтэй байна.
Алдарт сэтгүүлч, монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Базарын Цэдэндамба хэдэн жилийн өмнө томилолтоор ганзага нийлж явахдаа
“ Одоо ч өнөө Баян хүний бахархлын сар, хоосон хүний хохирлын сар дөхлөө шүү” гэж инээлгэсэн санаанд бууж байна. Нээрээ л тийм дээ.
Монгол улсад 600 мянга гаруй өрх айл бий. Эндээс л тооцооныхоо үзүүрийг уяж эхэлье. Үүний 400 мянга нь ууц тавьсан гэж багасган багасган бодлоо. 400 мянган халзан цагаан хонь хойморт тос даах нь. Нэг ууц 150-420 мянган төгрөг гэж тооцоё. Одоо байгаа ханшаар шүү дээ. Ууц бүхнийг 200 мянган төгрөг гэж жишээд бодвол 80 тэрбум төгрөг болж байх юм. 150000 үхрийн өвчүү шаргалтсан гэж цээжний тооцоо хийе. Нэг өвчүү 150 мянган төгрөг хүрч байгаа дуулдана. Дахиад л 22 тэр бум төгрөг. Тэгтэл зочид гийчид ууц, өвчүү идэх гэж ер очдоггүй зүгээр л харж сууж байгаад гардаг. Ингэж ууц шүүс, өвчүү тэргүүтнийг харж харуулж бахархахын тулд асар багаар бодоход 102 тэр бум төгрөг зарлагадсан тооцоо гарч байна. За энэ ч яахав дотоодын баялаг мал сүрэг өсч байна, бидний мэдлийн юм гэж бодоод тайвширдаг цаг өнгөрөх нь... Сүүлд нь хэдэн өдөр цайд хөшиглөөд үдийн цай уучихна гэж уужрая. Цөөн хоногийн өмнө шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нэгэн ярилцлагадаа: Цагаан сараар монголчууд 700 тэрбум төгрөгний зардал гаргадаг тухай ярьсан байна билээ.
Сүүлийн жилүүдэд хятадууд монголын махыг тонн тонноор нь зөөж байгаа мэдээлэл нэг бус удаа гарч байна. Одоо чухам ЭРЭЭН-д иргэн хонины ууц эх орон өөдөө хараад импортын хаяг зүүгээд цавцайж байхыг үгүйсгэх аргагүй боллоо. Хаяггүй банш дэлгүүрүүдээр байна гэсэн мэдээлэл бас цацагдсан. Үүнийг хятадынх байж магадгүй гээд сонинд бичсэн харагдсан. Хавраас ер нь л цагаан сарын дараагаас нийслэл хотын махны хэрэгцээг бид “хангана ва” гээд өмнө хөршүүд маань данхалзаж байхыг үгүйсгэх арга даанч алга...
Хэвийн боов гэж нэг чухал зүйл байна. Хамгийн багаар бодоход 600000 өрх 21 ширхэг боовоор идээ заслаа гэж тооцоо хийе. Нэг боовны үнэ дундажаар 1700-1900 төгрөг байсан. 12 сая боов хэрэгтэй. Бараг 20 тэрбум шахуу төгрөг болж байна. Дээр нь суурь еэвэн энэ тэр гээд бас 3 тэрбум гаруй төгрөг элбэг орсон. Тавгийн идээнд чамлан чамлан тооцоход 15 тэрбум төгрөг энүүхэнд гарсан даа. Хэвийн боов энэ жилийн цагаан сарын өмнө зах зээлд 1850-2000 төгрөгний үнэтэй зарагдаж байна. Хэвийн боов гээд тоцохоор нэг иймэрхүү.
Эндээс үүдэн бодохуйяа та бид цагаан сараар тавгаа чимэх гэж, ширээгээ гоёх гэж 140 шахуу тэр бум төгрөг зарцуулж байх юм. Энэ ч яахав ЭРЭЭН-ий биш дотоодын арилжаа. Эх орны баялаг. Монгол хүн монгол хүндээ өгсөн дөө гэж уужрая.
Одоо хамгийн гол зүйлрүүгээ орж тооцоо бодьё. Бэлэг сэлт. Эрээнээс голдуу гаралтай бэлэг сэлт монголын хилээр воган воганаар ирсэн. Цагаан сарын өмнө монгол тэр чигээрээ Эрээн рүү нүүж, төмөр зам хотолзон хүн тээврийн воганаа ёстой өнөө “алд алд”-аар нэмсэн. Цагийн хуваираа сунган, нэмэлт энэ тэр гаргаж хирдээнгүй тусыг үзүүлж, чамгүй мөнгө олсон... Нэг айл дундажаар 250000 төгрөгний бэлэг сэлт, хадаг яндар эмхлүүлье гэж даруухнаар бодлоо. Тэгтэл 150 тэрбум төгрөг гараад явчихна тэр ээ.. Тооцоо бүхний ард тэрбум гэдэг тоог хэлж байна. Тэр бум гэдэг бага тоо биш ээ… Дэлхий дээр 7 тэр бум хүн амьдарч байгаа шүү дээ…
Тэр бум төгрөгөөр мөн ч их зүйл хийнэ дээ. Бидний мөрөөдөл болсон засмал зам л гэхэд нэг км-ыг нь одоогийн ханшаар 500 орчим сая төгрөгөөр барьдаг юм байна. Ингээд бодохоор бараг Зөвхөн бэлэг сэлтний мөнгөөр 80 шахам км хатуу хучилттай зам барих хөрөнгийг л дуусгачихаж байх юм. Дээр нь ууц шүүс, хэвийн боовны мөнгөөр багаар бодоход 70 орчим км засмал зам зурайлгах нь. Энд айл бүхний хийдэг бууз баншийг, ууж сэржимддэг архи дарсыг тооцвол мөн ч овоо тоо гарна даа. Ээ дээ энэ ганцхан замаар тооцоход цагаан сараар саяын хэд хоног ууж идэж наргиж даргисан тэр мөнгөөр хагас мянган км замтай болох боломж байх юм даа...Ингээд бодохоор бид хол явж их зардал гаргаж өндөр үнээр бэлэг худалдаж авдаг нь харагдаад байна. Сүүлийн жилүүдэд “дотоодын үйлдвэрлэлээ дэмжье” уриан доор “Мишээл-Экспо”-д үзэсгэлэн худалдаа шаргаж байгаа ч тэр нь сонголт муутай, цөөн төрлийн бас ч үнэтэйдүү байгаа юм. Эндээс бэлгээ сонголоо гэхэд хол явахгүй, гадаад руу мөнгөө урсгахгүй сайн талтай. Ер нь бэлэг сэлт нь даржин санагдаад бэлэг гэдэг утгаа алдаад байгаагийн нэг жишээ л харагдаад байх юм...
Тооцоо гэдэг эргэн харамсахын нэр биш. Үнэлэлт өгч дүгнэлт хийх алхам шүү дээ… Тооцоогүй юм бүхэн алдагдалд оруулсан л байдаг. Цагаан сар гэдэг монголчуудын уламжлалт баяр болсоор цагийн түүхийг элээж байгаа ч ийм их нүсэр байсныг огт үзээгүй гэж өвгөд хөгшид хэлж ярьж бас зарим нь халаглаж л байх юм. Морины сайныг унаж гангардаг байсан эрчүүд маань өнөөдөр машины үнэтэйг хөлөглөж, дээлний сайныг өмсөж алт мөнгөөр баринтагласан юм л явах болжээ. Энэ бүх гоёл сэлтийг үнэлээд тооцоод үзвэл мөн ч их тоо гарч гайхан зог тусахад хүрнэ. Бид ядуураад байна. Улс орон хөгжихгүй байна гээд халаглаад байдаг. Дэлхийн жишигт харьцуулахаар ядуу буурайгаараа хойшоо л чангаагаад байдаг. Ачир дээрээ тансаглаад л баярхаад л байдаг… Юу болж байна даа… Тооцоо хийх юман дээр тооцоо хийхгүй мөртлөө хаа хамаагүй хэл ам хов живээр тооцоо хийж гүйсэн ямар ч гээч ёс жудагтай болоод байна даа…
Тооцоо гэдэг үнэндээ эдийн засгийн толь. Толь тольдоо нөлөөгүй толь. Энэ толинд эдийн засгийн нүүрээ харж, ирээдүйгээ төсөөлөөч гэж хэлэх гээд байна. Цаг цагт нэг цаддаг цагаан сараар нэг цаддаг гэсэн монгол үг бий. Ямар боловч цагаан сараар элбэг дэлбэг байх гэсэн нэгэн чин эрмэлзэл энэ баярын агуулгад гүнээ шингэжээ. Одоо бид үе үе биш үргэлж цатгалан байхын төлөө л тооцоо хиймээр байна. Бөөн бөөнөөр нь бэлэглэж, бөөн бөөнөөр идэж баярладаг моодноосоо ангижирмаар байна. Албадсан юм шиг идэж идчихээд хоолны гор хордлого болоод эмнэлэг, эмч нараа сандаргаж дуудлагын машины бензин тос барж байх хэрэг юу байна вэ… Хоолоороо тоглодог үндэстэн монголоос өөр байхгүй гэж хэлж болно. Бид чинь айраг найрын цаг гээд илүү заяагаагүй ганц ходоодоо царайтал айраг ууж тоглодог сонин араншинтай хүмүүс. Цагаан сараар хэмжээгүй их идэж, бас ууж эрүүл биеэ хордуулж баярладаг заншилыг шинэ заншлаар сольмоор байна. Хэдхэн хоногт хог руу ялгадас болгон хаяж байгаа хөрөнгөөрөө зам бариад улсаа хөгжүүлээд гэрээ өөд татаад утаагаа багасгаад өөртөө болоод өргөн түмэндээ нэмэр болооч гэж хэлмээр байна. Хадаг сүүтэй, ёс жудагтай цагаан сараа даруухан тэмдэглэж, ёсыг дээш нь залж, ерөөлийг өөд нь өргөж хүндэлмээр байна. Тооцоо хийгээд байвал сэтгэл тавгүйтэж мэдэх нь…Тэр бум гэдэг төгрөгний тоог хичнээн ч хэлэв дээ…Яндаж болдоггүй далай шиг яасан ч баян юм бэ..бид чинь. Саятан болох амархан уу гэж нэгийгээ асуухад. Тэр амархан тооны машинаа аваад ир гэсэн гэдэг. Тооны машин дээр цээжний хонжоо хийж хэд үржүүлээд л саятан болчих тухай энэ хошин яриа үнэний хувьгүй ч бас бодууштай зүйл. Цагаан сар тойруулан тооцоо хийж үзлээ. Тун ч горьгүй нь ээ…
Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр. 2013 оны 2 дугаар сар 1
Сэтгэгдэл ( 0 )