Харийн мэс засалчдаас “Хэл”-ээ аврах гарц байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 06

2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соёлын тухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг, Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн тогтоол гаргасан. Үүнд Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1, 2 дугаар хавсралтын ёсоор, гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай гэсэн байдаг.

Мөн тогтоолд бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном, сурах бичиг, мэдээлэл, хаяг, шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосон.

Түүнчлэн бичлэг болон орчуулгыг тогтоосон үгсийг товхимол болгон хэвлүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг 6айгууллага, бүх шатны сургуулийн багш, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагууд, төв болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан худалдан боруулахаар болсон билээ.
Гэтэл эрдэмтдийн зөвлөлөөр орж аль үгийг ямар тохиолдолд хэрэглэх, салаа утгыг нь хэрхэн ойлгох талаар удаан маргалдсны эцэст нэг тийш болгож цэгцэлсэн. Гэсэн хэдий ч сурсан дадсанаараа ч юм уу, аль эсвэл шинэчилсэн үгс олонд хүрч чадахгүй байна уу, ямартай ч дараах шинэчлэн бичигдэх үгс нэг л хэвшил болж өгөхгүй байна.

Тухайлбал, айхтар гэдэг үгийг айхавтар, бодьгал гэх үгийг бодгаль, туулайн бүжинг бөжин, гарьд гэх үгийг гарди, шөнө дөл болохын дөлийг дүл, Түвдийг Төвөд, ура хашгирахыг урай, засаг захиргааны нэгж болох хошууг хушуу, хиншүү хярвасын хиншүүг хэншүү, үнэ цэнэ гэхэд хэрэглэгддэг цэнэ-ийг цэн, цээжийг чээж, чармай нүцгэнийг чармаа, эрхи-ийг эрих гэхчилэнгээр тогтоожээ. Эдгээр үгсийг түвд ч юм уу, санскрит хэлнээс орчуулан хөрвүүлбэл эрдэмтдийн шинэчлэн тогтоосон нь зөв байж болох ч нутагшиж өгөхгүй байгааг хэрхэн шийдэх нь тодорхой бус.

Нэрт эрдэмтэн зохиолч Б.Ренчин судар бичгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас тасгийн эрхлэгч хүртэл алба хашихдаа шинэ эргэлтийн бодлогыг талархан хүлээн авч түүнд идэвхтэй оролцон монгол хэлний хөгжил, уламжлалыг хадгалах болон өвлүүлэн үлдээх, түүний цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх, улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмрийг оруулсан шилдэг эрдэмтэн. Түүний хийж бүтээсэн, зохиож туурвисан зэргийг энд тоочоод баршгүй бөгөөд бид бэлхнээ мэдэх юм.

Энэ л агуу их бичгийн хүний тухай дурсамж уудлах болсон шалтгаан нь Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох асуудалтай холбоотой.

Нэгэн удаа эрдэмтдийн зөвлөл хуралдаж Монгол хэлэнд ихээр хэрэглэгдэж байгаа гадаад хэлний талаар хэлэлцэж нэлээд маргалдсан гэдэг. Гэтэл тухайн үед Орос ах нартай найзалж, Ленин, Жанибеков нарыг бурханчлан тахиж байсан учраас алим гэдэг үгийг Оросуудын нэгэн адил яблоко гэж бичнэ хэмээн зүтгэцгээжээ. Энэ үед Б.Ренчин гуай эсэргүүцэж алим хэмээн бичих нь зөв хэмээн мянга тайлбарлаад ч тусыг эс олж олонхийн саналаар яблоко хэмээн бичих шийдвэр гарч баталжээ. Энэ үеэр Б.Ренчин гуай “Цэнхэрлэн харагдах уул” дууны мөрийг “…Алаглагхан харагдана хө хө, Яавлаг жимтэй уул байна аа хө хө…” хэмээн аялсаар гарч явахад Яблоко хэмээн бичнэ хэмээн маргасан эрдэмтэд хэлэх үггүй болж яблокоо буцааж алим болгосон гэдэг.

Бас дэнлүү гэх дотор хүмүүсийн хэрэглэдэг үгийг монголдоо нутагшуулж бүр үүнийгээ ламп болгоно хэмээн маргасан гэдэг. Гэтэл Б.Ренчин гуай мөн л эсэргүүцээд дийлэлгүй арга ядахдаа “15-ны сар нь агаар тэнгэртээ лампаг даа, 15-тай жоожуу нь аав ээждээ лампаг даа хэмээн дуулснаар ламп биш дэнлүүгээрээ үлдэж байсан гэдэг.

Аялгуу сайхан Монгол хэлээ Монголоор нь авч үлдэх, гадаадын нутагшсан үгсийг халахад эрдэмтэд төдийгүй монгол улсын иргэн бүр эх хэлээ дээдэлж байж л энэ асуудал шийдэгдэнэ гэдгийг хаа хаанаа ухамсарлаж байж л харийн мэс засалчдаас “Хэл”-ээ аврах гарцаа олно шүү дээ.


Ж.Наран

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top