Архин далайд живсэн Монгол

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Адын хүсэл төрүүлж, эз дийлдэг энэ идээнд Монголчууд аль хэдий уусан шингэж, архин далайд сэлүүргүй завиар дураараа хөвсөөр. Нус нулимс дагуулсан энэ далай ширгэхгүй. Ялангуяа улстөрийн ашиг сонирхол зоосны нүхээр сувигдаж, иргэд ядуу тарчиг амьдарч байгаа энэ нийгэмд архин далай, далай  хэвээрээ байна гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

2009 онд нэг Монгол хүнд 36.4 литр архи ногдож байсан бол өдгөө энэ тоо 12.1 литрээр нэмэгдэж 48.5 литр болжээ. Бүтэл бүтэн 12 литрээр шүү!. Монгол улсад сүүлийн 2 жилд үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг шар айраг эзэлж байна. Харин үйлдвэрлэсэн, импортлосон согтууруулах ундаа нь хүн амын 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 48.5 литр буюу спирт  2.0, архи 11.0, шар айраг 34.5,  дарс 0.1 хувь ногдож буй үзүүлэлттэй байгаа юм.

Архины үйлдвэрлэл жолоогүй болон амгай, хазааргүй туйлж байгаа нь дээрх тоо баримтаас илэрхий харагдаж байгаа биз. Тэртэй тэргүй хэрэглээ, борлуулах зах зээл нь байгаа юм чинь үйлдвэрлэхээс яахав хэмээн гуяа алгадаж, нэр төрлийг нь олшруулдаг нь согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн гол бодлого. Ямар ч хяналтгүйгээр хүрээгээ тэлэн газар авч байгаа архины үйлдвэрүүдээ цөөлөх бодлого хэрэгжих боломжгүй. Яагаад гээч. Цөөхөн хэдэн монголчуудаа архин далайд живүүлэн байж санхүүгийн эрх чөлөөнд хүрч, хөл дээрээ боссон эдгээр хэдхэн компаниудын суурийг тавьсан эрхмүүд бүгд төрд шургалсан учраас тэр. Тиймдээ ч өнөөдөр архин далай дундрахгүй гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байгаа юм. Нэгэнт тогтоож дийлэхээ байсан монополь компаниудын үйлдвэрлэлийг хумьж чадахгүйгээс хойш бусдыг нь буюу жижиг үйлдвэрлэгчийг хаах нь аль аль талдаа ашигтай. Үүний гол жишээ нь хэдэн жилийн өмнө “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архи 15 хүний амийг авч одсон гашуун түүх бий. Харин орон нутагт бугшсан жижиг үйлдвэрүүдэд тэр болгон хяналт шалгалт очоод байдаггүйгээс үүдэн архины түүхий эд буюу спиртээ нарийн шинжилгээнд оруулдаггүй, хэн нэгний гар дээрээс хямдхан спирт авч найруулан худалддагийн гайгаар тэр. Үүнээс хойш цагаан сар болон шинэ жил болмогц “Азийн чоно”-ийн эмгэнэлт хэрэг давтагдахаас байн байн сэрэмжлүүлдэг болсон түүхтэй.

Гэтэл энэ удаагийн шинэ жилээр 233 хүн архины хорлогод оржээ. Зөвхөн нийслэлд л гэхэд архины хордлогын 162 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний араас Орхон аймаг архины хордлогод орсон хүмүүсийнхээ тоогоор шил дарж байгаа. Хүн үхчихгүй л бол хордлого бол дөжирсөн асуудал бол зүсээ хувиргалаа. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд архи уух нь ихэссэн ч тухайн үедээ л асуудал болж дэвэрдэгээс бус хэд хоногийн дараа салхинд хийсэн замхардаг тогтолцоо нэгэнт бий болчихож.

Мөнөөхөн монголынхоо төлөө, эрүүл монголын төлөө, эрүүл нийгмийн төлөө, хүнийхээ төлөө хэмээн гудамжинд жагсдаг хэд маань нэг нэг зөөлөн буйданд тухлан жагсдаг гудамжаа эзэнгүй болгосноос хойш болохгүй бүтэхгүй бүхий төлөө дуугардаг хүмүүс цөөрч. Архидалтын эсрэг бол бүүр ч таг. Ёстой л архин далайгаас Монгол үндэстнээ аврах асуудал ажин түжин, таг чиг. 13-хан настай балчир хүү архинд хордон нас барсан эмгэнэлт хэрэг гарсан ч архи үйлдвэрлэгчид бус архи уусан хүүгийн хохь болоод л өнгөрсөн. Архин далайд живсэн Монгол орноо аврах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж архины үйлдвэрийн эздээс амыг нь асууя.

 

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top