Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн энэ сарын 17-нд боллоо. Шуурхай зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун энэ хооронд шинээр томилогдсон албан тушаалтнуудыг танилцууллаа. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежерээр Б.Бадрал, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирлаар А.Гантулга, Хүүхдийн ордны даргаар Анхтуяа нар томилогдсон байна. 2012 оны 11-р сарын 21-нд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж дүүргүүдийн шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, Засаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ дагуу таван дүүргийн 3асаг даргыг томилж ажилд нь оруулжээ. Тэднийг танилцуулбал:
1. Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар
2. Сүхбаатар дүүргийн Засаг дарга С.Бадарсан
3. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
4. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа
5. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар ажээ.
Цаг үеийн асуудлаар НЦГ-ын дарга хурандаа Д.Батжаргал мэдээлэл хийлээ. Мэдээлэлд 2012 оны 11-р сарын 29-нөөс 12-р сарын 13-ныг дуустал иргэдээс нийт 14704 мэдээ мэдээлэл, зөрчлийн талаар өргөдөл гомдол хүлээн авчээ. Сүүлийн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэл нэмэгдэх боллоо. Энд зохион байгуулалтад орсон хэлбэр бүхий бүлэглэлийн үйлдэл байна уу. Давтан үйлдэгдэх шинж байгаа юу” гэж НЦГ-ын дарга Д.Батжаргалаас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагыг бүрэлдэхүүний хувьд өргөтгөсөн. Ингэснээр урьд нь цагдаад бүртгэгдэж байгаагүй хүүхдийн гар утас дээрэмдэх зэрэг үйлдлийг жижиг гэж орхилгүй нэгбүрчлэн бүртгэлжүүлдэг болсноор өсөлттэй гарч байна гэж цагдаагийн байгууллага үздэг. Түүнээс биш зохион байгуулалттай дээрмийн гэмт хэргийн тоо болон давтан хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өсөөгүй гэж НЦГ-ын дарга нийслэлийн Засаг даргад хариулт өгөв.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шинэ жил болж байгаатай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга хэллээ. Нийслэлийн гэр хорооллынхон аливаа баяр ёслолоор орхигдсон байдалтай байдаг. Дүүргүүдийн Засаг дарга нар гэр хорооллын тодорхой байршлуудад сүлд мод засч, хүүхэд хөгшдийг баярлуулах талаар илүү анхаарч ажиллахыг сануулав. Мөн шинэ жил гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр байдаг. Тиймээс төрийн байгууллага төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна шинэ жилээр оргилуун дарснаас илүү хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг хотын дарга нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Цаг агаарын хувьд өмнөх жилүүдийнхээс илүү хүйтрэх төлөвтэй байгаа учраас иргэдийг бэртэж гэмтэх, осгож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа, онцгой байдлын албанаас шөнийн эргүүл гаргаж ажиллуулахыг үүрэг болгов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )