Бүдгэрчихэж...
Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
***
Чиний эзгүйд
Нүдэн дотор минь эрвээхэй, бүрх, толь, лаа
Нүдэн дотор минь эмэгтэй хүн, алим, мод, шувуу
Нүдэн дотор минь цаг, түлхүүр, үүл, тэнгэр
Нүдэн дотор минь чамаас бусад бүх л юм
Эрвээхэйн далавч ч, гоёмсог бүрх ч уйтгар төрүүлнэ
Энд чи л үгүй болохоор нар шар биш, мод ногоон биш
Чи л үзэгдэхгүй, чи л сонсогдохгүй болохоор
Чих хэрэггүй, нүд хэрэггүй, надад юу ч хэрэггүй
Урт наслахгүй юм шүү
Урд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг л хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм
Урт наслахгүй юм шүү
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү
* * *
Толины өмнө
Үгүй дээ үгүй, энэ бол би биш
Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй
Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь
Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс
Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа
Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ
Охин хэвээрээ, би хүүхдээрээ
Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа
Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй
Найз минь энэ бол би биш
Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг
Гуйлт
Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг
Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг
Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,
харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш
зүрхний минь цохилт жигдэрдэггүй
Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй
Гараад л ирэхийн зуурт чинь
мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд
зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш
амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй
***
Бэлэг
Үнэр хөлөглөгч салхиар
Үнэрээ дайлаа
Үнсэлт минь энэ болог
Үсэн норгогч бороогоор
Нулимсаа дайлаа
Үдэлт минь энэ болог
Үүрийг сэрээгч болжмороор
Үг дайлаа
Үргэснийг минь энэ хэлэг
Үнэн хайртай чамдаа
Өөрөөсөө бусдыг явууллаа
Хагацал маань энэ болог ээ
***
Биеийг минь мартаарай
Өөрийг минь мартаарай
Өргөөнд чинь гээсэн
Өрөөсөн ээмэг
Өчигдрийн үнсэлтийг
Сануулаад байвал
Өвөрт чинь орхисон
Хүслийн амттай
Өвдөж жаргаасан
Биеийг минь мартаарай
Тэр бүсгүйтэй
Зөрөхгүй адилыг минь
Хүзүүнд чинь үлдээсэн
Улаан цэцэг
Хүсээгүй ч, зүүдлээгүй ч
Санагдуулаад байвал
Энгэрт чинь шургасан
Нялхын ааштай
Эрхлэж зовсон
Биеийг минь мартаарай
***
Би яагаад...?
Би яагаад ийм ... ийм байна вэ ээж ээ?
Би яагаад таных шиг долгилсон урт үсгүй юм?
Би яагаад эгч шиг зөөлөн, ялдам инээмсэглэлгүй юм?
Би яагаад эцэг шигээ чанд эршүүд зантай юм?
Би яагаад ... яагаад би л шүлэг бичих ёстой юм?
Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ ээж ээ?
Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие нь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол ээж ээ?
Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан дусаан бичнэ вэ?
***
Л.Өлзийтөгс

Сэтгэгдэл ( 1 )
гайхалтай яасан гоё мэдрэмжтэй бүсгүй вэ