Хур хогны хэмжээ 80 хувиар багасжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар Улаанбаатар хотын цас арилгах, хог ачих тээвэрлэх талаар авч буй арга хэмжээ, цаашид авах арга хэмжээ, болон хууль зөрчин газар олгосон зарим Захирамжуудыг хүчингүй болгох  тухай, Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Авто болон явган замын цэвэрлэгээний өнөөгийн байдал, сайжруулах арга замын талаар  Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

Нийслэлийн 9 дүүрэгт  Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамжны авто болон явган замын хэмжээ өмнөх оныхоос 68 хувиар өссөн гэж тэрээр хэллээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт өнгөрсөн онд 664,000 метр квадрат зам талбайтай байсан бол 2012 онд 784,229 метр квадрат, Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн онд  520,000 метр квадрат талбайтай  байсан бол энэ жил 522,726 метр квадрат, Чингэлтэй дүүрэгт  471,000 метр квадрат талбайтай байсан бол энэ онд 687,869 метр квадрат болж нэмэгдсэн байна. Харин зам талбайн үйлчилгээний ажилтны орон тоо бага, цалин хангалтгүй байгааг тэрээр тодотгон хэллээ.  Хотын томоохон дүүргүүдийн нэг Баянзүрх дүүрэгт гэхэд ердөө 48 үйлчлэгч л  1,091,530 метр квадрат зам талбайг цэвэрлэж, зам талбайн үйлчлэгчдийн сарын дундаж цалин 400 мянга гаруй төгрөг байдаг байна.  Иймд, үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдүүлж, цалин хөлсийг ч тодорхой хувь хэмжээгээр өсгөх шаардлагатай байна гэсэн юм.

Мөн тэрээр зам цэвэрлэгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй тусгай зориулалтын машин, техникүүдийг танилцууллаа. Хотын гудамж талбайг хоггүй, цасгүй байлгахад сүүлийн үеийн техникийг нэвтрүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машинаар зөвхөн төв замууд болон, халтиргаа гулгаа ихтэй, осол гарах магадлал өндөртэй замуудад очин цэввэрлэгээ хийж байгаа юм байна.  Цаг агаарын хүрээлэнгээс цаг агаарын урдчилсан мэдээг аваад, цасны жижүүр гэх хоёр хүн ажиллаж, цас орсон даруйд цасыг цэвэрлэж байгаа гэлээ. Гэхдээ хотын захын замууд болон, гэр хороолол орчим хангалттай хүрч ажиллаж чадахгүй байна гэв.  Тиймээс авто замын цэвэрлэгээг шөнийн цагаар аюулгүй ажиллагааны нөхцлийг чанга ханган гүйцэтгэдэг горимд шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.  Орон сууцны хорооллын доторх замын арчилгаа үйлчилгээг одоогоор харицсан байгууллага байхгүй байна. Орон сууцны хорооллын доторх нийт 1,404 мянган метр квадрат замыг цэвэрлэхэд сард 140 сая төгрөг шаардагдах юм байна. Харин гэр хорооллын хог тээврийн үйлчилгээний шинэ хэлбэрт шилжсэний үр дүнд гэр хорооллыг хур хогны хэмжээ эрс багассан байна.  Одоогоор ажлын явц 80 хувийн биелэлттэй байгаа юм байна. 

Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга, гэр хорооллын гуу жалганы хур хог аюул дагуулах хэмжээнд хүрсэн байсан. Харин Тохижилт Үйлчилгээний Компаниудыг шинэ хэлбэрт шилжүүлж, санхүүжилтийн механизмыг өөрчилсөн нь үр дүнгээ өгч байна гэдэг нь харагдаж байна. Харин цас цэвэрлэх ажил зөвхөн хотын төвийн зам талбайгаар хийгдэж, гэр хорооллын зам, гудамж талбай цастай хэвээр байсаар байна. Улаанбаатар хотын иргэд  282 тэрбум төгрөгийн татварыг улсад төлдөг. Тиймээс, нийслэлийн иргэн бүрийн өгч байгаа татварын төлөө бид тэдэнд үйлчилдэг байх учиртай юм.  Энэ татварыг өгсөнийхөө төлөө, хотын иргэд дулаан байх, хоггүй байх, тог цахилгаантай байх, айх аюулгүй орчинд амьдрах үйлчилгээгээ биднээс авах эрхтэй. Тиймээс бид Нийслэлийн иргэдэд ялгавартай хандах ёсгүй гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top