Сэхээнд ортлоо хойд эцэгтээ зодуулсан хүүгийн хэрэг бол Монгол улсад хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаагийн зөвхөн нэг илрэл. Тэгвэл хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа хоёр газрын талаар хүргэе. Тэр бол эмэгтэйчүүдийн хорих ангид ээжтэйгээ хамт хоригдож байгаа нярай, хүүхдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүд.
Эмэгтэйчүүдийн хорих ангид өнөөдрийн байдлаар 100 гаруй ялтан хүмүүжиж байна. Тэдгээрийн 25 хувь нь хүний амь нас хохироосон, 25 хувь нь залилангийн, 6 хувь нь хүний наймаа, 6 хувь нь хар тамхи бусдад борлуулсан хэргээр ял шийтгүүлжээ.
Энэ хорих ангид тулгамдсан асуудлын нэг нь ээжтэйгээ байгаа нярай хүүхдийн асуудал гэдгийг тус ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар хэлж байна. Өнөөдрийн байдлаар тус хорих ангид ирээд хүүхдээ төрүүлсэн 10-аад ээж нярай хүүхдийн хамт энэ ангид тусгайлсан байранд хүмүүжиж байгаа юм. Эдгээр хүүхэд 1 нас хүртлээ ээжийн хамт байх ёстой. Харин нэг нас хүрснээс нь хойш хүмүүжигчийн ар гэрийнхэн ялын хугацаа дуустал өсгөнө. Хэрвээ хүүхдийг нь харах хүнгүй бол асрамжийн газарт шилжүүлдэг байна. Гэвч хүүхдийн өсч торниж байгаа нөхцөлд улс зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Тодруулбал, хорих ангийн бүсийн гадна, харуул хамгаалалт дор хүүхэд асран хүмүүжүүлэх байр барих шаардлагатайг тус хорих ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар хэлсэн юм.
Эмэгтэйчүүдийн хорих ангид мөн нийгмийн ажилтны орон тоо дутагдалтай байна. Хүмүүжигч ялаа эдлээд суллагдсаны дараа нийгэмших, ажилд орох, ар гэр хүлээж авах байдалд бэрхшээл гардаг байна. Энэ бүгдэд нийгмийн ажилтны туслалцаа шаардлагатай болдог аж. Хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн тоонд харьцуулбал дор хаяж 7 нийгмийн ажилтан байх ёстой атал өнөөдрийн байдлаар гурван нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч ажиллаж байна.Эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигч нар үйлдвэрт ажиллаад бодуулсан цалингийнхаа 50 хувийг өр төлбөрт, 14 хувийг гар дээрээ авч 30-аад хувийг хорих ангийн цахилгаан дулааны төлбөрт өгдөг байна. Үлдсэн хувийг нэрийн данс дээр нь хадгалдаг аж.
Насанд хүрээгүйчүүдийн хорих анги буюу ШШГЕГ-ын харъяа 411 дүгээр анги Зайсанд байрладаг. Хүүхдийн хорих ангид одоогийн байдлаар 40-өөд хүүхэд хүмүүжиж байгаа юм. Тэдгээрээс 14 нь өнөө жил 10, 11 дүгээр ангийн боловсрол эзэмших ёстой. Гэвч хорих ангид үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн 110 дугаар дунд сургууль нь 10, 11-р ангийн боловсрол эзэмшүүлэх эрхгүйн дээр анги, танхим, багш хүрэлцдэггүй байна. Сургуулийг бүрэн дунд статустай болгохоор холбогдох газруудад хандсан гэж ахлах багш, хошууч П.Цэрэндорж хэллээ. Одоо Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг л хүлээж байгаа гэсэн. Хүмүүжиж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хулгай, дээрмийн давтан хэргээр ял авчээ. Хуулиар хүүхдийн анхны хэрэгт хорих ял оноохгүйгээр тэнсэн ял өгдөг байна. Гэтэл энэ тэнсэнтэй байх хугацаандаа хүүхэд гэмт хэрэгт холбогдоход давтан хэргээр олон жилийн хоригдох ял авчихдаг аж. Тухайлбал, хулгайн давтан хэргээр ял авсан хүүхэд “ 220 мянган төгрөгний давтан хэргээр ял авахдаа би хохирогчид хохирлыг нь барагдуулсан байсан. Гэтэл давтан хэрэг гэдгээр надад 11 жилийн хоригдох ял оноож байхад миний дэргэд хүний амь хөнөөсөн хэрэгтэн 10 жилийн ял авч байсанд харамсч байсан” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байв.
Хүүхдүүд бидний бас Монгол улсын ирээдүй. Үүнээс гадна хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдол хэдэн мянгаараа яригдана. Хэрвээ, хүн бүр жоохон ч гэсэн сэтгэл гаргаад бусаддаа дэмжлэг үзүүлбэл өнөөдөр байдал өөр л байна. Нийгмээрээ энэ асуудалд анхаарал хандуулбал яаж байна?
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )