Дуутай, найрагтай, бүжигтэй, хөгжимтэй тоглолт

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

“Гурван маа” буюу гавьяат жүжигчин Х.Болормаа, Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нарын хамтарсан анхны тоглолт болно гээд нэлээд хэд хоногийн өмнө зарлагдахад олон хүн хөл хөөр болцгоосон. Тоглолтын үндсэн нэр нь “Ээжийн бүүвэйтэй хорвоо”. Товлосон өдөр нь “UB Palace”-ийн концертын их танхимд өнгөрөгч бямба гаригт болсон юм. Тэд тоглолтдоо анхны уран бүтээлүүдээсээ гадна 1960-1980 оны үед хит болж байсан дууг багтаасан юм. Говь-Алтай, Дундговь, Увс аймагт мэндэлсэн гурван дуучин гурван өөр өнгөөр дуулах нь уран бүтээлийг улам амилуулах шиг болсон. Тоглолтын үеэр тэднийг уран бүтээлээ хэрхэн эхлүүлж байсан үеийнх нь бичлэгийг үзүүлж үзэгчдэд нэлээд инээд бэлэглэсэн. Х.Болормаагийн хувьд СУИС-ийн нэгдүгээр дамжаанд сурч байхдаа

... Хайртай ээждээ хэлэлгүй
Ханиа дагуулаад ирлээ... гээд эгшиглүүлдэг “Ээжээс ерөөл хүсэх дуу”-ны хэсэг гарсан. Тэрхүү бичлэгт тэрбээр дөнгөж их сургуульд орж байсан болохоор ханийн тухай дуу дуулж байгаадаа ихэд ичиж дуулсан нь мэдрэгдэж байсан юм. Тэр дууны аяыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр биччихээд түүгээр дуулуулна гэхэд Х.Болормаа “Би ханийн тухай дуу дуулахаасаа ичиж байна” гэсэн гэдэг. Гэвч багш нь загнаж байгаад дуулуулсан нь зураг түүх өгүүлнэ гэдэг шиг хоёр сандрах, ичих хоёр давхцсан харцтайгаар гараа ташаагаа дагуулж унжуулаад огтхон ч хөдөлгөхгүй дуулсан байв. Тийм л даруу охин өнөөдөр гавьяат жүжигчин хэмээх цол хүртэж ард түмний хайртай дуучин болжээ.

Харин Р.Дэлгэрмаа гэзгээ хоёр салаа сүлжиж цагаан лентээр зүүж, цэнхэр торгон дээлнийхээ энгэрт дөрвөн алтан медаль гялалзуулан “Алгирмаа” хэмээн ардын сайхан дууг дунд сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг аймгийн болон улсын уралдаанд оролцож байсан үеэ хүмүүст сонирхуулсан. Тэгвэл Э.Оюумаа мөн л нэгэн сайхан ардын дуугаар оролцож байсан байна.

Б.Ичинхорлоо, “Баянмонгол” чуулгын уран бүтээлчдийг үзэгчид дахиулав


Тоглолтын хөтлөгчийн үүргийг “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо хүлээжээ. Түүний ярьж буй үг нь яг л найраг шиг ээ. Тэрбээр тоглолтын агуулгатай холбогдуулж ээжийн тухай нэгэн сайхан шүлгээр уран бүтээлчдэд талархал дэвшүүлэхийн зэрэгцээ үзэгчдэд ч гэнэтийн бэлэг барьсан. Мөн улсын филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид хоёр сайхан аялгуу тоглосон юм. Үүнд нь үзэгчдийн сэтгэл ихэд хөөрч дахиулах гэж ихэд алга ташсан. Цаг бага байсны зэрэгцээ ямар нэгэн юм хэмжээтэй байдаг болохоор үзэгчдийн хүссэн хэмжээгээр тэд яахан тоглох билээ. Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын бүжигчид дуучдын зарим дуунд утга нэмж бүжсэн нь ихэд нийцэж байсан юм. Ингээд дуутай, найрагтай, бүжигтэй, хөгжимтэй тоглолт өндөрлөсөн юм. Нэмж хэлэхэд дээрх дуучдад орон нутгийн үзэгчдээс тус тусын аймагтаа ирж тоглуулах гэсэн урилга их ирж байгаа гэсэн. Гэхдээ одоогоор цас их орсон болохоор аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаагаа нуугаагүй. Мөн ирэх оны Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Монгол “Бөхийн өргөө”-нд тоглох бодолтой байгаа гэсэн. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Гал ассан тоглолтоороо үзэгч биднийгээ үргэлж баярлуулж байгаарай.  

У.Баяраа

Top