Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөнд фэйсбүүкийн цахим хуудсаар дамжуулан олон хүүхэд залуус нэгдээд байгаа бөгөөд энэ хөдөлгөөн улам бүр хүчээ авсаар байгаа юм. Өмнө нь паркийн газартай холбоотой асуудал хэсэг зуур яригдаад, хэдэн удаадаа л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөгдөөд орхигддог байсан. Гэтэл залуусын эхлүүлсэн энэ удаагийн хөдөлгөөн ингээд зогсохгүй бололтой. Учир нь паркаа аврах хөдөлгөөн орон нутгийн сонгуулийн үеэр ч хүчтэй яригдсан асуудал байлаа. НИТХ-ын нэгэн төлөөлөгч уулзалтын үеэр Бат-үүл даргаас хүүхдийн паркийн асуудалд ямар байр суурьтай байгааг асуухад, тэрээр бүгдээрээ паркаа аварна хэмээн хариулжээ. Одоо орон нутгийн сонгууль дуусаж, хотын мээр маань нэг уужуу тайван амьсгалах болж байх шиг байна. “Паркаа аваръя” хөдөлгөөний залуус хотын даргаасаа их ажлын ард гарлаа, одоо паркаа аврах асуудалд анхаарна гэдэгт найдаж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлж эхэлжээ. Замын түгжрэлийн асуудлыг 20-хувиар бууруулж чадсан хотын мээр маань паркаа аврах ажилдаа ханцуй шамлан орно биз ээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )