"Өнөөгийн залуус архи, тамхи, мансууралд хэт их шунах болжээ" хэмээн хэн дуртай нь хэлж, хэвлэл мэдээллээр цацна. Энэ нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хүүхэд, залуус хойш чангааж байгаа мэт ойлголтыг өгдөг нь нууц биш. Гэвч бурууг залуусаас биш эрх мэдэлтнүүдээс харвал илүү бодитой хариулт гарна.
Тэд л хүүхэд, залуусын гэсэн хаягтай бүхнийг устгаж, үгүй болгожээ. Ардчиллынхны хараан зүхдэг социалист нийгэм хүүхэд, залуустаа анхаардаг байсан олон баримт бий. Харамсалтай нь сүүлийн 20 жилд хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил, спорт сургалтын материаллаг баазыг бизнес эрхлэгчид булааж оронд нь шөнийн клуб, зочид буудал, дарсны мухлаг, мөрийтэй тоглоомын газрыг олноор бий болгов.
Тухайн үеийн МХЗЭ-ийн гишүүдийн татвар, социалист орнуудын залуучуудын байгууллагын дэмжлэгээр барьж байгуулсан соёлын төв, Пионерийн ордон, "Залуучууд" зочид буудал, номын сан, аялал жуулчлалын бааз, хуримын ордон, усан сан, цанын бааз, аймаг, хотын ХЗЭийн байгууллага зэрэг залуусын оюуны болон бие бялдарын хөгжилд дэм үзүүлэх 100 шахам барилга, байгууламж устаж үгүй болжээ.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй, нэг ёсондоо гадуурхагдсан тэднийг гэрээс гарахад нь л дарсны мухлаг, цэнгээний газрын үүд нээлттэй байх агаад үүднийх нь жижүүрээс эхлэх хаан мэт хүндэлж "Тавтай морил" гээд угтана. Энэ мэтчилэн тэд зугаа цэнгэл хөөж яваад гэмт хэрэгт өөрийн мэдэлгүй татагдан ордог. Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн газрын нэлээдгүй хэсгийг томоохон компанийн захирлууд хумсалсан тухай сүүлийн үед багагүй ярьж байна.
Энэ талаар залуучуудын холбоо, залуусын бусад хөдөлгөөн, цаашлаад ахамдын холбоо нэгдэж "Паркаа аваръя" нэрийн дор эрх мэдэлтнүүдэд газар чөлөөлөх хүсэлт илгээсэн ч өнөөг хүртэл дорвитой хариу өгөхгүй, дэмжихгүй байгаа. Түүнчлэн тэд паркийн газрыг эзэмшиж буй байгууллагуудад албан бичигч хүргүүлжээ.
Албан бичгт олонхи нь хариу өгсөн ч газрыг чөлөөлнө гэсэнгүй. Харин хүүхэд, залууст зориулсан үйл ажиллагаа явуулна хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл хэлцгээх. Тухайлбал, "MCS" группийн ҮСАХ-гийн хойд хэсэгт барьж буй "Шангри-Ла" зочид буудлын 1-5 давхар нь хүүхэд, залууст зориулсан үзвэр үйлчилгээний төвүүд байх гэнэ.
...Гэхдээ өмнө нь "MCS"-ийнхэн энэхүү барилгадаа хүүхэд, залууст хандсан үйлчилгээ явуулна гэж хэлж байгаагүй. Харин МЗХ газар чөлөөлөхийг шаардсан үеэс эхлэн энэ мэт үлгэр яриад буй. Үнэхээр энэ цогцолбор нь бий болсон ч хүүхэд, залуус тэр бүр үйлчлүүлж чадахгүй буюу үнийг нь дийлэхгүй гэдгийг хэлэх хүн олон байна. Өнөөдөр ҮСАХ-д залуус ороод, тоглолгүй зүгээр л алхахын тулд тус бүр 2000 төгрөг төлдөг. Өнөөгийн "Сөүл" ресторан буюу өмнө нь залуусын мэдэлд "Туяа" нэртэй ресторан байхад залуу гэр бүл тэнд нялх хүүхдээ хооллож үлдээгээд өөрсдөө цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан алхдаг байв...
300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа гэх энэхүү зочид буудлаа тэд соёл амралтын цогцолбор хэмээн нэрийджээ. Үүнд кино театр найм, стандарт хангасан 50 метр усан бассейн, "McDonalds", "Burger King" зэрэг түргэн хоолны сүлжээ, автомат тоглоомын газар байх аж. Түүгээр ч зогсохгүй цогцолборын гаднах ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн нь залуусын зугаалах дуртай газрын нэг болох гэнэ.
Гэхдээ өмнө нь "MCS"-ийнхэн энэхүү барилгадаа хүүхэд, залууст хандсан үйлчилгээ явуулна гэж хэлж байгаагүй. Харин МЗХ газар чөлөөлөхийг шаардсан үеэс эхлэн энэ мэт үлгэр яриад буй. Үнэхээр энэ цогцолбор нь бий болсон ч хүүхэд, залуус тэр бүр үйлчлүүлж чадахгүй буюу үнийг нь дийлэхгүй гэдгийг хэлэх хүн олон байна. Өнөөдөр ҮСАХ-д залуус ороод, тоглолгүй зүгээр л алхахын тулд тус бүр 2000 төгрөг төлдөг.
Өнөөгийн "Сөүл" ресторан буюу өмнө нь залуусын мэдэлд "Туяа" нэртэй ресторан байхад залуу гэр бүл тэнд нялх хүүхдээ хооллож үлдээгээд өөрсдөө цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан алхдаг байв. Мөн "Бамбарууш" гэж хүүхэд, залууст үйлчилдэг кафе нь өнөөдөр дарсны мухлаг болсныг мэдэх хүн олон. Энэ мэтчилэн хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан барилга, байгууламж, соёл, спорт, амралт чөлөөт цаг өнгөрөөх цэцэрлэг бүхэн буруу гараар орсоор байна.
Энэ бүхнийг нь үгүй юм аа гэхэд ядаж ҮСАХ-г хүүхэд залуучуудад бүрэн эзэмшүүлэх асуудалд хотын захиргаа хойрго хандсаар байна. Гэхдээ залуус өнөөг хүртэл тэр бүр хөрөнгө зувчуулсан, авлига хээл хахуульд идэгдсэн гэх мэтээр дээдсийн бохир ажиллагаатай зарга, маргаан үүсгэж яваагүй. Харин тэд залуусыг дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг хэмээн эндүүрсэн болотой.
Нийгэмд өрнөх буруу жишиг бүхнийг тэвчихийн хэрээр энэ байдал улам даамжирч сургууль, цэцэрлэг, спортын болон тоглоомын талбайд эрээ цээргүй давшилж, хүн чанар хөсөр хаягдан, өдөр өдрөөр хүүхэд, залуус үнэгүйдсээр байна. Гэрэл гэгээтэй амьдралын баталгааг нь булаачихаад "Өнөөгийн залуус ажил амьдралын төлөө тэмцдэггүй" гэж байгаа эрхмүүдэд залуус үнэн сэтгэлээсээ дургүйлхэж байгаа. "Паркаа аваръя" хөдөлгөөнийхөн "Хүүхэд, залуусыг хөсөр хаясан тэд өөрсдөө гэмт хэрэгтэн" гэж хэлсэн нь үнэний ортой мэт.
Монголын үнэн сонины сэтгүүлч М.НАРАНБОЛД
Сэтгэгдэл ( 0 )