“Гурван Маа” биш ээ “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Нэлээд хэдэн сарын өмнө “Гурван Маа” нэртэй тоглолт болох гэж байна гэсэн сураг сонсогдов. Эхлээд тийм нэртэй хамтлаг байгуулагдаж эсвэл ийм нэрээр хошин урлагийнхан тоглолтоо хийх гэж байгаа юм байна гэх бодол төрлөө. Гэтэл саяхнаас учрыг нь олсон юм. Тодруулбал гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар хамтарч энэ сарын 24-нд буюу маргааш “UB Palace”-ийн концертийн их танхимд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” нэртэй хамтарсан тоглолтоо өргөн барих гэж байгаа аж. Өнөөдөр Улсын филармонийн өмнүүр явахад цонхоор нь тэдний бэлтгэлээ хийж буй дуу сонсогдоно. Дотогш орвол тэд филармонийн “Баян Монгол” чуулгын хөгжимчидтэй нийлж байгаа нь тэр. Дөнгөж цуглаад байгаа бололтой. Х.Болормаа “Дээгий одоо ирмээрсэн. Яагаад удаад байна аа” гэнэ. Түүнийг үгээ хэлж бараг дуусаагүй байтал Р.Дэлгэрмаа бага зэрэг амьсгаатчихсан ирлээ. Тэр байдлаас нь ажиглавал цаг бариагүйдээ санаа нь ихэд зовсон нь илт. Тэр байдлаа нуух гэсэн бололтой “Зам түгжрээд удчихлаа” гэв. Ингээд тэд заал руу орж дуугаа бэлдэв. Бэлтгэлийнх заваар тэднээс хэдхэн асуултад хариулт авсан юм. Тэдний тоглолтын бэлтгэл хангагджээ. Нэлээд хэдэн өдөр бэлтгэл хийсэн болохоор үзэгчиддээ сайхан тоглолт үзүүлэхэд бэлэн болсон гэв. Оюутны ширээнээс дөнгөж гарч байгаа залуус биш болохоор тэд бэлтгэлгүй ч байсан “бут” аваад л гарах нь мэдээж. Тоглолтод нь дээрх хөгжимчдөөс гадна Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын бүжигчид оролцох юм билээ. Тэгэхээр дуутай, бүжигтэй тоглолт болох нь ойлгомжтой. Хөтлөгчийн үүргийг “Болор цом”-ын хошой эзэн, яруу найраг Б.Ичинхорлоо хүлээсэн гэсэн. Тэгэхээр найрагч бүсгүйн шүлгийг ч үзэгч та бүхэн сонсч нэг сумаар хоёр туулай буудах боломжтой юм билээ.

Тэд хамтарч хийх тоглолтын санаагаа өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7-нд Э.Оюумаагийн “Амрагхан чамдаа” тоглолтод урилгаар Х.Болормаа, Р.Дэлгэрмаа нар оролцохдоо “Эхийн ариун сэтгэл” дууг дуулахдаа олсон гэсэн. Тайзнаа гарч ирэхдээ дараа нь хамтарч тоглоно гэсэн ямар ч бодолгүй байсан ч ташуурыг нь харин үзэгчид халуун алга ташилтаараа дэм өгсөн гэнэ билээ. Тэд энэхүү тоглолтоо “Ээжийн бүүвэйтэй хорвоо” гэж нэрлэсэн болохоор Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар дахин тоглох уу гэхэд “Санаа байна. Ямар ч байсан эхний тоглолтоороо үзэгчидтэй ирэх баасан гаригт уулзалдъя. Эмэгтэйчүүдийн баяраар ч байтугай орон нутгаар аялан тоглох санаа байна” гэв. Тоглолтод ихэвчлэн ээжийн, бүсгүй хүнээ магтсан дуу дуулагдах гэнэ. Гэхдээ хайртай бүсгүйгээ баярлуулах гээд ирсэн залууд зориулж хайрын дуугаа ч багтасан байгаа гэсэн шүү. Мөн аавын тухай ч дуу эгшиглэх гэнэ. Сонирхуулахад дуулагдах дуунуудынх нь ихэнх нь 1960-1980 оны үед хит болж байсан бүтээл байх аж. Тиймдээ ч мартагдах шахсан аялгууг сэргээх нь үе үеэ нөхөн гарч ирж буй уран бүтээлчийн үүрэг билээ. Түүнчлэн олон хөгжилтэй гэнэтийн бэлэг үзэгчдийг хүлээж байгаа гэсэн. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Тесо” компани, ивээн тэтгэгчээр “Милко”, “Хаан банк”, “Номин” супермаркет. Тоглолтын реклам өдөр бүр олон телевизээр цацагдаж байгаа болохоор тэдний өмссөн даашинзыг бүсгүйчүүд “Ямар гоё даашинз бэ. Хаана хийлгэсэн юм бол” хэмээн дуу алдаж байсан. Тиймээс энэ дашрамд тэднээс лавлахад “Уран бүтээлч бүр тайз, үзэгчээ хүндэтгэж сайхан хувцас өмсч, үсээ засуулах ёстой. Бид “Торго”салон, “Шилмэл загвар” компаниар хийлгэсэн. Заримыг нь гурвуулаа хамт дэлгүүрүүдээр явж худалдаж авсан” гэсэн. Энэ мэтчилэн зүйлс яриад байвал олон. Тэдний ч үнэтэй цаг хорогдох гээд байв. Ингэж бодох үед тэд ч бэлтгэлээ үргэлжлүүлэхгүй бол болохгүй нь гээд суудлаасаа өндийв. Үргэлж сайхан уран бүтээл туурвиж үзэгчидээ баярлуулж байдаг эрхэм “Гурван маа” буюу бүсгүйчүүддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тоглолтоороо жинхэнэ “бут” аваарай.  

У.Баяраа    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top