Азийн амьд хөгжмийн наадамд амжилттай оролцсон U.F.O хамтлагт баяр хүргэе

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

"Asian beat" гэдэг үг нь Монголоор орчуулбал "Азийн хөгжмийн цохилт, хэмнэлт" гэсэн утгатай, Ази тивийн орнуудыг хамарсан, амьд хөгжмийн наадам юм. Энэхүү наадмыг "YAMAHA КОРПОРАЦИ" 1998 онд Бенд Алерт үйл ажиллагаагаар эхлүүлж байсан бөгөөд 2001 онд "Asian beat" хэмээн нэрийг нь өөрчилж жил бүр зохион байгуулан өдгөө 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  

“Asian Beat” наадам нь жил бүр Азийн өөр өөр орнуудад зохион байгуулагддаг бөгөөд 2011 онд Өмнөд Солонгос, 2010 онд Тайланд улс, 2009 Япон улс, 2008 онд Хонг-Конг гэх мэт аялан зохион байгуулагддаг юм. “Asian Beat” наадамд жил бүр Азийн улс орнуудаас шилдэг хамтлаг дуучид, хөгжимчид хүрэлцэн ирж оролцдог бөгөөд шилдэг хамтлаг, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин гэх мэт номинацуудыг шалгаруулдаг юм. Asian Beat 2012 уралдаант наадам Сингапур улсын Kallang Theatre–т 11-р сарын 11-нд зохион байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгос, Малайз, Тайланд, Мексик, БНХАУ, Бразил, Латин Америк Панама, Монгол Улс, Хонг-Конг, Орос улс тус тус оролцож Ази тивийн хамгийн том амьд хөгжмийн наадамд ур чадвар, авъяасаараа уралдлаа. U.F.O хамтлаг 3-р байрт шалгаран $1,000-бэлнээр+$1,000-YAMAHA бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнууллаа.

Cokenbeat-2012 наадамд нийт 40 хамтлаг оролцсоноос U.F.O хамтлаг шалгарч “Asian beat-2012” уралдаант наадамд оролцох эрхээр шагнуулсан юм.

Тус хамтлаг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй. Indie rock, Electro rock, Synth pop урсгалаар уран бүтээлээ хийдэг бөгөөд нийт 11 дуутай, мэргэжлийн бус амьд хөгжим сонирхогч залуусаас бүрдсэн хамтлаг юм. “Asian beat-2012” наадамд U.F.O хамтлаг “Бороо” нэртэй дуугаар амжилттай оролцлоо. Энэ дашрамд Монгол улсаа төлөөлөн Азийн амьд хөгжмийн наадамд амжилттай оролцсон U.F.O хамтлагт баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top