Нийслэлийн удирдлагууд аливаа бодлого шийдвэр үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс НИТХ-аас www.citycouncil.mn албан ёсны цахим хуудсыг нээн ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудаснаас иргэн та, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэр, цаг үеийн мэдээ мэдээлэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн танилцуулга зэрэг НИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг бүрэн авах боломжтой юм. Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” Захирамж гарган, төрийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх болон мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэд хэдэн чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )