Хүүхдийн паркийн газар асуултын тэмдэгтэй хэвээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20


Үндэсний соёл амралтын хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 2010 оны аравдугаар сарын 1-нд татан буулгажээ. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх ая тухтай орчин бүрдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн “Disney land” барина хэмээн Япон улсын “Иточу” корпорацтай хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулан хувьчилж авсан юм. Харамсалтай нь энэ төсөл төдийлэн үр дүнтэй болоогүй. ҮСАХгийн 35 га газраас ердөө 4.5 га-д нь л хүүхдийн тоглоом барьж байгуулсан. Харин үлдсэн газрыг нь “Бодь”, MCS, “Мон-Уран”, “Сөүл” групп, МАК, “Шунхлай” компанийнхан бизнесийн зорилгоор хэсэгчлэн хувааж авсан нь тодорхой болсон билээ. Тиймээс Монголын Залуучуудын холбоо санаачлан паркийн газрыг хүүхэд, залууст нь буцааж өгөх шаардлагыг дээрх компанийн удирдлагуудад тавьсан юм. Гэвч тодорхой хариу өгөөгүй учир Төрийн ордны Иргэний танхимд өнгөрсөн сард нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Эл хэлэлцүүлгийн үеэр олон жил нууцлагдмал байсан паркийн газрын эздийн талаарх мэдээлэл ил тод болсон.

Тухайлбал, “Бодь” групп паркийн газрын 76, нийслэл 24 хувийг эзэмшдэг, “МонУран” 1.1 га газрыг нь авсан бол MCS группийнхэн тэнд таван одтой “Шангри-Ла” зочид буудал барьж буй нь бүгдэд илэрхий болов. Солонгос эзэнтэй гэх “Сөүл” ресторан анх 1996 онд 10 жилийн түрээсээр хуучин “Туяа” рестораныг авсан юм байна. Харин тэд одоо тус ресторанд төдийгүй паркийн газрын ойр орчимд эзэн суужээ. МЗХ-ныхны тавьсан шаардлагад гурван компани албан ёсны хариу ирүүлсэн дуулдсан. “Мон-Уран” группийн захирал Б.Наранхүү “Иргэний танхим”-д болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр албан ёсны байр сууриа мэдэгдсэн юм. Тэрбээр “Албан ёсны зөвшөөрөлтэйгээр 1.1 га газрыг манай компани ашиглаж байгаа нь үнэн. Паркийн газрыг эзэмшиж байгаа бусад компани тухайн газраа хүүхдэд зориулсан байгууламж барихад зориулж өгвөл бид ч газраа буцаан өгөх болно” гэсэн.

Харин MCS группийнхэн ҮСАХ-гийн хойд хэсэгт барьж буй барилгынхаа I-V давхрыг зөвхөн хүүхэд, залууст зориулсан үзвэр, үйлчилгээний төв болгоно гэж мэдэгдсэн байна. Таван одтой тус зочид буудалд үзвэрийн найман танхимтай кино театр, олимпийн стандартад нийцсэн 50 метр бассейн, “McDonalds”, “Burger King” зэрэг түргэн хоолны сүлжээ, электрон тоглоомын газар зэрэг гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан амралт, зугаалгын төв байгуулах гэнэ. ҮСАХ-д дурсгалын цогцолбор байгуулах ерөнхий төлөвлөлтөд зочид буудал барихаар тусгагдсан байсан бөгөөд анх холбогдох хууль, журмын дагуу “Монтоно” гэх компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон юм байна. “Тухайн үеийн эдийн засгийн байдал, хөрөнгө санхүүгийн чадавхиас хамаарч “Монтоно”-гийн бүтээн байгуулалт зогсож, улмаар MCS групптэй хамтран ажиллах санал тавьсан. Улмаар “Монтоно”- гийнхон төслөөс гарснаар бид олон улсын “Шангри-Ла” зочид буудлын сүлжээтэй хамтран ажиллаж байгаа” гэж MCS-ийнхэн тайлбарлажээ.

Харин “Шунхлай” компанийн хувьд ҮСАХ-гийн зүүн өмнөд хэсэгт барьсан ШТС-ынхаа газрыг гуравдагч этгээдээс худалдан авсан аж. Нийслэлийн Газрын албаныхан тус компанийн ШТС-ын газрыг ҮСАХгийн анхны баталгаажсан талбайд ороогүй гэсэн бичиг илгээсэн гэх.

Тэгвэл МАК компани ҮСАХ-д ямар нэгэн газар эзэмшдэггүй, барилга байгууламж бариагүй, цаашид ч барихгүй гэжээ. Паркийн газрын дийлэнх хувийг эзэлж буй “Бодь” группийнхэн энэ талаар ямар байр суурьтай байгааг ҮСАХ-гийн гүйцэтгэх захирал Б.Батнягтаас тодрууллаа.

-Хүүхдийн паркийн газрын асуудлаар МЗХ-ноос “Иргэний танхим”-д зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, хүүхдийн паркийг хэрхэн хөгжүүлж буй төсөл, төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, байр сууриа илэрхийлсэн.

-МЗХ-ноос та бүхэнд албан бичиг хүргүүлсэн боловч одоо болтол хариу өгөөгүй гэсэн. Тийм бичиг хүлээн авсан уу?

-Газраа чөлөөлж өгөх талаар өнөөдрийг хүртэл МЗХ болон ямар нэг байгууллага, компанийн зүгээс биднээс тодорхой юу ч асуугаагүй, албан ёсоор хандаагүй. Тэгэхээр бид юуны хариуг, хаана хэнд өгөх ёстой вэ гэдгээ эхлээд тодруулмаар байна. Харин энэ удаад танай сониноор дамжуулаад НЗДТГ-тай хамтран хүүхдийн паркийг барьж байгаа, цаашид энэ ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна гэв.

Харин МЗХ-ныхон “Бодь” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгаланд хаяглаж, албан ёсны бичиг хүргүүлсэн хэмээв. Ямартай ч хариу хүлээсэн МЗХ, албан бичиг аваагүй гэх “Бодь”-ийнхон ойлголцоогүй бололтой. Түүнчлэн МЗХ-ноос өрнүүлж буй хөдөлгөөнийг залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд дэмжиж буйгаа мэдэгджээ. Паркийн газрын асуудал нааштай шийдэлд хүртэл “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн тууштай тэмцэх бөгөөд газрын асуудал асуултын тэмдэгтэй хэвээр байвал “Хотоо аваръя”, цаашлаад “Улсаа аваръя” хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв.

"Өнөөдөр" сонины шуурхай мэдээний албаны сэтгүүлч Б.БЯМБАСҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu