Засгийн газраас орон сууцны зээлд нь баталгаа гаргаж өгөхийг шаардав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Зуун мянган айлын орон сууцны зээлийн санхүүжилт зогсчээ. Энэ тухай “Жонаттан” хотхонд орон сууц захиалсан иргэд мэдээлэл хийлээ.

Тэдний хувьд урьдчилгаа мөнгөө өгөөд бичиг баримт нь Төрийн банкинд оччихсон бэлэн байгаа гэнэ. Гэтэл Төрийн банкнаас зээлийг нь шийдэж өгөхгүй байгааг тодруулахад Засгийн газраас санхүүжилт орж ирэхгүй байгаа гэсэн байна. Уг “Жонаттан” хотхон нь тун удахгүй ашиглалтад орох гээд байгаа тул тус хотхонд захиалга өгч, урьдчилгаа мөнгөө ч төлөөд байгаа 80 гаруй иргэн Засгийн газраас зээлийг нь гурав хоногийн хугацаанд багтаж шийдвэрлэж хариу өгөхийг хүссэн шаардах бичиг өгнө гэсэн юм. Эдгээр иргэд хашаа байшин болоод байсан хөрөнгөө зарж урьдчилгаа мөнгөө төлсөн аж. Гэтэл одоо зээл нь шийдвэрлэгдэхгүй байгаа энэ цаг үед “Бид орох оронгүй хаачих билээ. Иймд бидний зээлийг ямар нэг байдлаар баталгаа гаргаж өгч шийдвэрлэхийг шаардах боллоо” гэсэн юм. “Жонаттан” хотхоны зүгээс захиалагчдад уян хатан хандаж “Засгийн газраас ирэх онд зээлийг шийдвэрлэж өгнө гэсэн баталгаа гаргуулвал иргэдийг байрандаа орж болно” гэсэн юм байна. Харин ийм баталгаа байхгүй бол бэлэн мөнгөтэйд нь орон сууцаа худалдахад бэлэн байгаа хэмээн эдгээр иргэд хэлсэн юм. Тэд дунджаар 15 сая төгрөгийн урьдчилгааг 6-10 сарын өмнө материалаа бүрдүүлж өгсөн гэлээ. Хэрэв УИХ болон Засгийн газар асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн юм. Мөн ийм байдлаар зээлээ хүлээж буй иргэд олон байгаа тул нэгдэхийг уриалж байв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top